Байгалийн зуд энэ жил хүндхэн нэрвэх нь. Судлаачдын ярьж байгаагаар энэ жил 20 сая мал хорогдох магадлалтай гэх. Өнгөрөгч 12 дугаар сарын албаны тоон статистикаар найман сая орчим мал хорогдсон мэдээ гарсан билээ. Малын хорогдол өвөл гэхээсээ илүү хавар их явагддаг. Тиймээс Засгийн газраас өндөржүүлсэн байдлыг зарласан.
Зуд нь Евроазийн хуурай ба хуурайвтар бүс нутагт цас хайлж буцаж хөлдсөний улмаас өвс ногоог бүрхсэн мөст давхрага үүсгэх, эсвэл хэвийн хэмжээнээс их цас орсноос үүсэх үзэгдлийг хэлдэг.
Албанынхны ярьж буйгаар цаг агаарын нөхцөл байдал ихэнх нутгаар хүндрэх төлөвтэй байна. Хоёрдугаар сарын 10-ны байдлаар нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй. Хотгор газраа 80 см, хунгарласан газраа 100 см гаруй цасан бүрхүүлтэй байна. Ингэснээр зудын нөхцөл байдал хүндэрч, 17 аймгийн 82 сум цагаан зудын нөхцөлтэй байна. Түүнчлэн төмөр зудын нөхцөл байдал бий болсон. Төмрийн зудыг өөрөөр шилэн зуд ч гэж нэрлэдэг. Цаг агаар гэнэт дулаарч цас хайлан шингэрэх үед хүйтэрснээр мөстөж төмөр зуд бий болдог. Одоогийн байдлаар 6 аймгийн 23 сум төмөр зудад нэрвэгджээ. Бүр ч хүндрэх эрсдэл бий. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дахин дулаарч байгаа. Зарим газраараа нэмэх 14-5 градустай болно. Энэ байдал төмөр зудын нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ.
Хүчтэй цасан шуурга нүүдэлж явна

Баруун аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж, өнгөрсөн шөнө ховд аймгийн нутаг дэвсгэрт салхины дундаж хурд 24 метр секунд, заримдаа 30 гаруй метр секунд хүрч шууран цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булганд энэхүү цасан шуурга ажиглагдаж буй. Өнөө шөнө гэхэд төвийн бүс орж ирнэ. Баруунаас төвийн бүс рүү нүүдлэж буй энэ цасан шуурга өнөө шөнө дөө Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангай, Булганы нутаг, Сэлэнгийн өмнөдөөр шуурч өнгөрнө. Маргааш өдөр гэхэд Булганы өмнөд Өвөрхангайн хойд Төв аймгийн зүүн болон өмнөд хэсэг, Дундговийн нутаг тэр чигээрээ, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг рүү орж ирж, цасаар шуурахаар байна. Маргааш амралтын өдрүүд эхэлж, золгуутаа хийхээр иргэд хөдөө зам руу гардаг. Тиймээс анхаарал болгоомжтой байх шаардлага үүсч байна. Цасан шуургатай үед зам даваанд хальтиргаа гулгаа үүсч, хаагдах, цас шуурснаас замын хонхор, хотгор мэдэгдэхгүй болох, үзэгдэх орчин хязгаарлагдах бэрхшээлүүд үүсдэг. Одоогийн байдлаар олон улсын болон улс хоорондын замууд хаагдах нөхцөл байдал үүсч буй. Ховд аймгийн Булган сумын улсын хил хүрэх автозам хаагдсан. Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улсын хил чиглэлийн автозамд Зээгтийн даваан хаагдсан. Зам тээврийн яамнаас замыг цэвэрлэх, зам гаргах ажлыг зохион байгуулж байгаа. Гэсэн ч өнөө шөнийн шуурганаар дахин зам хаагдах байх. Тиймээс зам даваа гаргах бүлгүүдийг байгуулж ажиллаж байна.
Зудын нөхцөлд мал, амьтан цасан буюу мөсөн давхрага доороос идэшээ олж чадахгүйд хүрч зудын гамшиг үүсдэг. Ингэснээр малын тоо толгойн их хэмжээний хоргодолд хүргэдэг. Зудын гамшиг нь өвлийн хүнд нөхцлөөс шууд хамааралтай нь тодорхой хэдий ч ихэнхдээ өмнөх зун гантай байсны үр дагавар болдог.
Өвс, тэжээлийн нөөц дундарч байна

Малын хорогдлын тоо гурван өдрийн өмнөх байдлаар 508 мянга байсан. Өчигдрийн байдлаар 608 мянга болж нэмэгдсэн байна. Засгийн газар өвс тэжээлийн нөөцөөсөө өнгөрсөн 10, 11, 12 дугаар саруудад аймаг орон нутгуудад хүргэлт хийж, нөөц нь дундарч буй. Одоогоор 17 мянга орчим тн тэжээл, 8000 орчим тн өвс улсын нөөцөөс гарчээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тэжээл, хужир, өвсний нөөцөөсөө хүндэрсэн газрууд руу хүргэж эхэлжээ. 6 мянган тн өвс тэжээлийг хүргэх юм байна. Цаашид өвсний нөөц хэрэг болох тул Засгийн газраас өвс тэжээл нийлүүлж, үйлдвэрлэж буй ААН-үүдтэйгээ хамтарч, аль болох үйлдвэрийн үнээр нь аймаг орон нутгуудад хүргэх ажлыг зохион байгуулах аж.
Б.АМАРТҮВШИН

АДМИН








Нийгэм




