Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын орлогч Л.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-Танай суманд цаг агаарын нөхцөл байдал ямар байна вэ?
-Хөвсгөл аймгийн зургаан сум төмөр зудад нэрвэгдсэн. Хамгийн хүндрэлтэй зургаан сумын нэг нь манай Галт сум. Нэлэнхүйдээ цастай. Зам даваа хаагдсан тул малчид өвс тэжээлээ авч чадахгүй маш хүндрэлтэй байдал үүссэн. Сумынхаа хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад, Шуурхай штаб ажиллаж байгаа. Манай суманд “Нүх дулаан” гэж компани нийтийн халаалтыг хариуцдаг. Энэ байгууллага манай сумын дулааны асуудлыг хариуцсанаас хойш дулааны асуудал хэвийн үйл ажиллагаатай нэг ч жилийг өнгөрөөж үзсэнгүй. Байнга дүн өвлөөр нүүрс нь тасалддаг. 2022 онд шинээр уурын зуухны хоёр тогоо нэмсэн. Гэвч жанам нь шатна, тогны асуудлаас болж үйл ажиллагаа нь зогсдог. Нэг бол нүүрсгүй болдог. Нүүрсээ нөөцөлж авдаггүй. Одоогоор сумын хэмжээнд бүх төрийн байгууллага үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй болсон. Дотуур байрны тасалгааны температур -1-ээс 1 градусын хооронд л байна. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ үзүүлэхэд их хүндрэл үүссэн. Дээр нь дотуур байрны хүүхдүүд шөнө унтахад маш хүнд болсон. Сургууль, цэцэрлэгээ тараах уу. Цахимд шилжүүлэх үү, шийдвэрээ гаргаж чадахгүй нүүрс ирэхийг хүлээгээд байдаг. Могойн голын нүүрсний уурхайгаас нүүрсээ татдаг боловч уурхай руу очиж чадаагүй, нүүрсээ татаж авч чадаагүй байгаад байдаг. Өчигдөр сумын засаг даргатайгаа, засаг даргын тамгын газрынхантайгаа, гэр бүлээрээ явж байж айлуудаас дугуй цуглуулж, 25 хуучин дугуй цуглуулж аваачиж өгсөн. Өнөөдөр дахиад л дугуй цуглуулаад явж байна. Ийм л нөхцөл байдалтай байна.

-Сумын хэмжээнд хэчнээн төрийн байгууллага байгаа вэ. Хэрэв сумын уурын зуухын үйл ажиллагаа зогсвол хэдэн айл өрх, төрийн байгууллага эрсдэлд өртөхөөр байна вэ?
-600-гаад айл өрх, Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эрүүл мэндийн төв гээд төрийн байгууллагын бүх л үйл ажиллагаа зогсоно.
-Танай сум нийт хэдэн хүн амтай вэ. Үүнээс малчин өрх нь хэд вэ?
-Манайх 5500 гаруй хүн амтай. Үүнээс 1210 малчин өрх байгаа. Сумын төв дээр 1000 гаруй өрх амьдарч байна. Сургуулийн дотуур байранд 180 хүүхэд амьдардаг. Одоогоор энэ 180 хүүхдийн асуудал хамгийн хүнд байна. Айлууд ч яах вэ. Нэмэлт тень залгаад болж байна. Сургууль, цэцэрлэг ч тень тавьж хичээл номоо зааж байгаа. Их тень залгахаар тогны ачааллаа дийлэхгүй, тог тасрах зэргээр хүндрэл үүснэ. Манай суманд онцгой нөхцөл байдал үүсээд байна. Сургууль, цэцэрлэг, айл өрхүүд цахилгаан дулаан тасарсан ч төлбөрөө цаг тухай бүрт нь бүрэн төлдөг. 100 хувь төлдөг. Тэгтэл нөгөө компани нь нүүрсээ татаж авч чадахгүй, зам хаасан гэх мэт шалтгаан хэлээд, ямар ч нөөц бэлдээгүй. Өвөлжилтийн асуудлыг Засаг даргын орлоргч би хариуцаж ахалж ажилладаг. Намраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар ажлын хэсэг очиж хэлсэн. Албан байгууллагуудад очиж ажилласан. Албан тоот өгсөн. Нүүрс түлээгээ нөөцлөөрэй гэж сануулсан. Тэгтэл ямар ч нөөцөлсөн зүйл байхгүй. Асдаггүй 70 орчим тн нүүрстэй. Нөгөөх нь шороо аваад ирчихсэн. Түлэх боломжгүй ийм л байдалтай байна. Одоогоор айлын хашааны банз, папришик түлээд аргацааж байна. Өнөөдөр тасалгааны температур 5 ч хүрэхгүй 4 орчимтой л термометр дээр зааж байна.
-Уурхай хүрэх зам хэр хол вэ. Замд цас хэр байгаа бол?
-Манай сумаас уурхай хүртэл 200 гаруй км. Уг нь ганцхан Могойн голын уурхай ч биш Баянтээгийн уурхай гэх мэтээр хаанаас ч татах боломжтой. Хамгийн гол нь нүүрсээ нөөцлөөгүй. Тухайн байгууллага цахилгаан, дулааны асуудлыг хариуцсан бол болзошгүй эрсдэлд нөхцөл үүсэхээс өмнө нүүрсээ хамгийн түрүүнд нөөцлөх ёстой. Бид аймгийн Онцгой комисс, Аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүдэд гээд байж болох бүх газарт хандсан. Албан тоот өгсөн. Одоогийн байдлаар шийдвэрлэх талаар баримттай арга хэмжээ авч байгаа байгууллага ч алга. Хувь хүн ч алга.
-Өчигдөр хотоос тусламжийн цуваа хөдөлсөн. Танай суманд хүрэх болов уу. Энэ талаар мэдээлсэн зүйл бий юу?
-Манай суманд ирэх ёстой. Одоогийн байдлаар аймагт очсон байх. Удахгүй наашаа ирэх байх. Арай ирээгүй байна.
-Одоо нүүрсээ авч чадахгүй бол цаашид яах вэ. Айлуудын хуучин дугуй, банз дуусчихна шүү дээ?
-Могойн голын уурхай руу нүүрс ачихаар том тэрэг гарсан. Зам хүндрэлтэй байгаа болохоор уурхайдаа хүрээгүй. Дөнгөж сая дулаан хариуцсан компанитай уулзлаа. Тээврийн машин нь уурхайдаа хүрч чадаагүй байна гэсэн хариуг өгч байна. Оччих юм бол 2-3 хоногийн дотор ирчихнэ. Тэр уурхайгаас авсан 70 тн нүүрс асахгүй байгаа. Яг ийм нүүрс ирчих юм бол энэ өвөл манай сумын бүх шугам хоолой хөлдөх, ямар ч дулаангүй болж бүх төрийн байгууллагын үйл ажиллагаа зогсох эрсдэлүүд тулгарчихаад байна.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




