Dark Light
Нийгэм | 2024-02-21

"Яалт ч үгүй хүчин мөхөстөж байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мөсөн зуд дээр өвөлжиж байгаа Өвөрхангай аймгийн Хужирт сум 3 дугаар багийн малчин Цэндээхүүгийн Доржсүрэнтэй ярилцлаа.

-Танай нутгаар зудын нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Нутаг орон нийтээрээ зудалчихсан байна. Цас нь зөөлөвтөр мөртлөө их зузаан. Доод тал нь 20 см, дээшээгээ 30 см, хунгартай газраа 40-90 см хүрч байгаа. Ер нь айхавтар байна. Саравч цасанд даруулсан байдалтай.

Нэг хэсэг дулаараад цас хайлсан. Яг тэр үеэр нь шуурсан. Тэгээд цасаа ойр хавийнхаа жалга хавиар овоолсон. Гэсэн ч хайлсан цас мөс болоод дээр нь явахад гулгаад, мөсөн коток шиг болчихсон байна.

Уг нь одоо хаврын урь ороод хүйтний эрч гайгүй болдог. Хасах 20 градусаас дээш гарч хүйтэрч байна. Толгой дээрээ 2 давхар малгай өмсөхгүй бол ер нь явцгүй. Хөдөөний айлууд бүл чадал муутай болчихсон. Нэг айлд эхнэр нөхөр 2 л байх юм. Тэгээд ганцаараа байгаа ч улсууд байна. Хэдэн малаа үхүүлчихгүйн төлөө л явж байна. Өвс тэжээлийг бол хангалттай авчихлаа л гэж бодож байсан. Зуд урт удаан үргэлжлэхээр туйлддаг л юм байна. Саравч хашаагаа энэ жил шинээр засварлаж, битүү хучиж, арга хэмжээнүүдээ бүгдийг нь авсан. Тэрнийхээ хүчинд овоо гайгүй тэсэж байсан. Яалт ч үгүй л байгаль дэлхийн өмнө хүчин мөхөстөж байна.

-Нутгийн малчидтайгаа холбоотой байгаа юу?

-Яг тийм байна уу, ийм байна уу гэж асууж ярьж байгаа хүн бол одоохондоо байхгүй байна. Ийш тийшээ явж чадахгүй байгаа болохлоор мэдэхгүй. Сураг ажиг сонсоход онцгой байдлаас аягүй сайн хөдөлж, суусан, барьсан, төөрсөн улсуудыг нааш цааш нь болгоод л байгаа юм шиг байна лээ.

-Танайх хэдэн толгой малтай вэ?

-Манайх чинь одоо 700 гаруй хоньтой, 100 гаран адуу, 60-аад үхэртэй. Энэ хэдийгээ онд мэнд оруулчих гээд үзэж тарж байна. Үхрээ яг зогсоогоор нь тэжээчихсэн. Бэлчээрт идэх юм байхгүй. Нөгөө 12 сард хэт хүйтэрснээс өгсүүлээд зогсоогоод тэжээчихсэн юм. Үхрийг зогсоо тэжээчихсэн учраас тэжээлээ авчихсан. Барагцаатай байгаад байгаа. Урт хөлийн мал адуу, хонь эдр одоо муудаж эхэлж байна. Мал хуйдаа нэг яваад өгөхөөр нөгөөх нь гэртээ ганцаараа. Адуу мал дээр очиж бараг чадахгүй. Замдаа цасанд суучих гээд.

Цасанд суучихдаа зэрэг одоо хэн намайг ирж аварч туслах вэ гэж бодоод л очиж чадахгүй. Сургуульд сурдаг хүүхдүүд маань ирэхээр хүрж, жоотуугаа бариад замынхаа цасыг арилгаад адуун дээрээ нэг очдог. Ер нь хэдэн малаа онд оруулчих гээд зүдэрч байна. Цагийн эрхээр дулаарчих болов уу гээд хүлээх юм. Хэдэн малаа тамиртай оруулчихвал.

-Ер нь хүн бүл дутмаг байгаа юм байна?

-Хөдөөгийн улсууд хаа сайгүй л хоёулхнаа л болчихсон. Хүүхдүүд сургууль соёлд яваад өгнө. Том болсон сургуулийн хүүхдүүдтэй бол чөлөө, зөвшөөрөл аваад аав ээждээ тус дэм болно. Манай том хүүхдүүд оюутан болоод явчихсан. Манай сургуулийн хоёр их бага. Нэг нь 3, нөгөө нь 9-р анги.  Тэр 2 маань ирэхээрээ хөөрхөн нэмэр болоод л байх юм.

-Өвлийн бэлтгэлээ бүр илүү сайн хийх боломж байв уу?

-Өөрсдийнхөө хэмжээнд сайн бэлдсэн. Хадлан тэжээлийн бэлдэх дээ ганцаараа хадаж, тармасан. Гар хадлан нэмж авах боломж бол байсан л даа. Ногоон тэжээлийг одоо бараг 400 боодлыг авсан. Одоо 50-60 л үлдсэн. Ер нь дуусч байна. Өнөөдөр өвс тэжээлийн ая бодохгүй бол хэцүүдэж байна. Малчдад цалин мөнгө гэж байдаггүй. Олсон хэдээрээ намар бүгдэнгээр нь өвс тэжээл авчихсан. Өдий хавьд ямар ч мөнгөний боломжгүй болчихсон үе байдаг юм. Тиймээс хавар цагийн өрөм ортол зээл өгөх боломж юу байна гэж судалж үзээд л явж байна. Олдох нь уу.

-Ер нь хэзээнээс өвөлжилт хүндэрсэн бэ?

-11, 12-р сардаа нэг жигтэйхэн хүйтэрсэн. Тэрний дараа гайгүй нэг уяраад хэсэг дулаарсан даа. Бас нэг арай нэг уясан. Тэр үед мал арай тогтворжоод аятайхан байж байтал нэг цас орсон юм аа. Тэр цас бол их орсон. Их хэмжээгээр орсон юм. Тэр цас ерөөсөө шуурч муураагүй бөндийтөл дарчихсан байж байгаад л ар дээр нь хэсэг хүйтэрсэн. Тэгээд дахиж дулаараад, дахиж хүйтрээд одоо ийм болгочихлоо. Одоо мөсөн бүрхүүл маш их тогтсон. Алсаас харах нь ээ харлаж, борлоод их эвгүй харагддаг. Цасан бүрхүүл нь. Би явган явж үзсэн л дээ. Шалгах гээд. Хатуураад тэр чигтээ мөс болчихсон байна лээ. Нимгэн мөртлөө их хатуу мөсөн бүрхүүлтэй.

Одоо дулаарахаар шар усны үер гарна. Үерээр мал муудна, элдвийн юм их болно. Цаг хаа ч байсан юм.

-Хувийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Малын тал дээр их судалгаатай дажгүй малчид гэж өөрсдийгөө дүгнэж байлаа. Өөрсдийнхөө хэмжээнд бүрэн дадлагажчихсан хэр баргийн юманд сөгдөөд байхгүй гэж бодож явсан. Ийм ийм арга хэмжээг ингэж аваад, тамиртай нь залгуулаад болгоод байна гэж бодсон. Нэг жил их гантай юу ч ургаагүй, өвөл нь ч их хүнд болсон. Тэр үед ч гэсэндээ бид 2 шүдээ зуугаад бүгдийг нь тэжээгээд л, хошуувч углаад, өвслөөд бүгдийг нь онд оруулж л байсан. Хонь малаа ч гэсэндээ аль аль дээр нь хээл мээл бас авч л байсан. Ноднингийн зудад айлууд хургагүй шахуу орж байхад манайх 10-аад хурга л үхүүлж байсан юм даа. Тэгээд бусдыг нь бүгд л онд оруулж авч л байсан. Тэгээд энэ жил бол арай л чанга байна аа. Гол нь ямаа бүгд сувай байсан учраас гайгүй, 2 жил шахуу ишиглээгүй юм чинь учиртай байх болов уу гэж бодсон. Тэгээд энэ хүйтнийг дийлэхгүй л байна даа. Их хүйтэн өвөл 2-ыг бас дийлэхгүй л байх шиг байна. Гадаа зуугаад жижиг юм бас давхар тэжээгдэж байна лээ.

-Ярилцлагын төгсгөлийг таньд үлдээе...

-Ажил муутай арчаагүй улсууд ч мэр сэр байдаг л байх. Тэгэхдээ л энэ сошиалаар аягүй их муулах юм. Аягүй хэцүү санагддаг юм даа. Арчаагүй дээ л тэр эдр гээд. Зуны хэдэн сар найр хэсэж яадаг яадаг ч гэнэ ээ. Үнэндээ тэр зуны цагт найр хэсээд яваад байдаг хүн ховор л байх. Уудаг нь ч байдаг л байх. Ер нь суурингийн улсууд чинь л хөдөө орон нутагт ирж агаар салхинд гарч, амралтаа авч байгаа гээд л ирдэг. Хөдөөгийн улсууд чинь тэгээд муухай загнаад байж болохгүй байдгаа бариад л хамт ууж, иддэг юм. Малчдыг мэдэхгүй байж хамаагүй доромжлоход хэцүү л санагддаг юм. Бидний бодит амьдрал бол хэцүү.

Тэр хашаа хороо саравч муутай гэдэг нь Дорнод, зүүн аймгууд ер нь зуд үзээгүй газрууд гэж би ойлгодог. Бэлчээр сайтай газрууд байдаг. Тэгээд ер нь мал нь дандаа нөгөө хөргүүдүү. Тийм бэлчээрийн аргаар бэлчээрлэж байсан малууд одоо яг энэ байгалийн гамшигт ийм үзэгдэл болохоор зэрэг нэг хороо төдий юман дотор байж байгаад л тарган цатгалан сайхан орчихдог. Гэхдээ нэлээн доошоо орж эвгүйтчихэв үү л гэж харж байна.

Б.АМАРТҮВШИН

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19