Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр хэлэхдээ “Есдүгээр сараас хойш Байгаль орчны яамны мэдээлэл болгон дээр дурдаж байсан нэг үг бий. Энэ үг хоёрдугаар сарын дунд үед хавар болсон ч дурдагдах нь. Энэ нь юу вэ гэхээр үер. Өнгөрсөн жилийн 7, 8 сард болсон үерийн улмаас газрын дорх хөрсний усны түвшин нэмэгдсэн. Үүний үр дүн өвөлдөө халиа тошин болж гарч байна. 1975 оноос хойш орж байгаагүй их хэмжээний цас орж, зудын байдалтай байна. Цасыг устай холбоотой байгалийн гамшиг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв цаг агаар гэнэт дулаарвал улс орны 90 хувьд нь шар усны үер бодитоор нүүрлэнэ гэж хэлж болохоор байна. Өмнөх жилийн долдугаар сараас хойш бодох юм бол зургаахан сарын дотор дэлхийн хэмжээнд ус судлалаараа байж болох бүх төрлийн үер монголд болж байна гэсэн үг. Одоо дахин шар усны үерийн аюул байна. Дөрөвдүгээр сард хаврын гачиг үе эхэлнэ. Жишээлбэл, Туул гол шургах уу, үгүй юу гэдэг асуудал гарах учраас урд урьдынхаасаа илүү усны асуудалд анхаарал хандуулах ёстой боллоо. Бид ус хомсдолоо гэж ярьдаг байсан бол одоо ус хомсдохын зэрэгцээ гэнэтийн аюул болох нь ээ. Үүнтэй холбогдуулаад баримтлах бодлого, хийх ажил тун энгийн. Боломжит усныхаа хэрэгцээнд анхаарал хандуулах ёстой. Жижиг хэдэн жишээ дурдъя. Яг хажууханд баригдаж байгаа барилгад усны шинжээч томилоод ажилласан. Энэ барилгын компани бидний тооцооллоор 6 сая м.куб хөрсний усыг зайлуулжээ. Улаанбаатар хотод УСУГ-аас нийлүүлж байгаа усны жилийн хэмжээ 50-60 сая м.куб байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын нэг сар хэрэглэх усыг ганцхан компани 2.6 жил шавхан зайлуулжээ.
Халиа тошинд хөрсний усыг шахан зайлуулж байгаа үйл ажиллагаа нөлөөлж байна.
Хоёрдугаарт, Оюутолгойн уурхайн хаягдлын далангийн шүүрлийн асуудал. Энэ асуудалд Зөрчлийн хэрэг үүсгэн Усны газраас шинжээч томилон, газар дээр нь ажиллан дүгнэлт гаргасан. Үүнд хохирлыг тогтоосон. Хохирлын хэмжээ айхавтар аюул учруулахаар биш ч гэсэн шүүрлээс гарсан ус нь байгальд нийлүүлэх Монгол Улсын стандартаас давсан байсан учраас хохирол тооцож, 700 сая гаруй төгрөгийн төлбөр ногдуулсан. Энэ төлбөрийг Оюутолгой компани төлсөн гэдэг мэдээлэлтэй сууж байна. Нэгдүгээр сарын 1-нээс эхлээд автомашин угаалгын газрууд цэвэр ус ашиглахгүй гэдэг Усны газар, төрийн байгууллагуудын хамтарсан шалгалт явуулсан. Энэ шалгалтын дүнгээр сайн мэдээ нь Улаанбаатарт ажиллаж байгаа машин угаалгын газруудын 30 хувь орчим нь усыг дахин ашиглах технологид шилжжээ. Ойролцоогоор 10 хувь орчим нь өөрийн худагтай. 10 хувь нь зөөврийн ус хэрэглэдэг. Машин угаалгын газруудад цэвэр ус хэрэглэхгүй байх процесс бүрэн эхэлжээ гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн дараагийн шатанд хэвлэл мэдээллээр дамжуулаад ямар газар цэвэр ус ашиглаж байна. Ямар нь дахин ашиглаж байна гэдэг мэдээллийг дамжуулж тэрхүү цэвэр ус хэрэглэж байгаа газруудаар битгий үйлчлүүлээч гэдэг уриалгыг гаргах болно. Үүний дараа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд цэвэр усыг бага хэмжээгээр ашиглах тухай явуулах ажил бий” гэв.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм




