УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байна. Үүнээс 72,462 өрхөд өвөлжилт хүндэрсэн гэсэн судалгааг УОК-ын Шуурхай штабаас гаргасан. Өвс тэжээл дууссан 39,414 өрх, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7863 өрх, түлээ түлшний хомсдол үүссэн 5800 өрх, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 өрх байна. Орон нутаг, сумын түвшинд ажил хариуцсан хүмүүсээс, малчдаас, бодит байдлаас энэхүү судалгааг гаргаж авч, хариу арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,009,000 мал хорогдсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын хорогдлын хэмжээ 85.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийтдээ 14 аймгийн 66 суманд гурваас доош ам бүлтэй, зайлшгүй нэмэлт хүн хүчний туслалцаа шаардлагатай байгаа 2032 малчин өрх байна. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан төрийн, цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүч хэрэгслийг бид маргаашаас эхлэн ажиллагаанд оролцуулна. Ажиллагаатай холбогдуулан бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Төрийн, цэргийн болон хууль сахиулах байгууллагын 245 албан хаагч, 114 тээврийн хэрэгсэл өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 74 суманд ажилласан байна. Энэ хугацаанд 2748 айл өрхөд хүрч ажилласан. 15,103 км газрыг зам гаргаж, бэлэн байдлыг хангалаа. 1778 тонн өвс тэжээлийг хүргэсэн.
АДМИН








Нийгэм




