Dark Light
Нийгэм | 2024-02-26

Малын хорогдолгүй нэг ч айл алга

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймагт хүмүүнлэгийн тусламж үзүүлж яваа Жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскөтэй ярилцлаа. 

-Та яг одоо хаана явна вэ?

-Бид Сүхбаатар аймгийн Онгон сумаас зүүн хойш Зүүн сүүл гэдэг газар явж байна. 

-Нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөдөөгүүр цас маш их орсон. Дээрээс нь маш их шуурч цас нь дагтаршиж хатуураад явахад хүндрэлтэй байна. Мал тэр зузаан цасан дороос өвс олж идэх ямар ч боломжгүй. Төмөр зуд гээд нэрлэчихсэн байна лээ. Тэр нэрэндээ яг таарчихсан санагдаж байгаа. Айхавтар зуд байна даа. 

-Танай багийнхны орсон айлуудын байгаа байдал ямархуу байна вэ?

-Сүхбаатар аймгийн төвөөсөө урагш, Асгат сумаас урагшаа, Дарьганга сумаас хойшоо олон сумдыг хамарсан зурвас хэсгээрээ маш их цас оржээ. Сошиал сүлжээнд явж байгаа зураг, бичлэгээс харсан байх. Гэр нь бараг цасандаа булагдчихсан. Ер нь л тиймэрхүү байдалтай. Тэгээд түлээ түлш байхгүй. Мал нь идэх өвс тэжээлгүй.

Арваннэгдүгээр сараас хойш тэдгээр айл руу машин унаа очоогүй. Хүнсний хомдсолоос эхлээд түлээ, түлшний асуудал маш хүнд байна. Янз бүрийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна, хандив цуглуулж байна л гэх юм. Гэхдээ яг үнэндээ малчныхаа хот руу зорьж байгаа нэг ч тусламж алга. Аймаг, суманд хүлээлгэж өгчихөөд, нэг сайхан пост хийчихээд л буцаад явчихаж байгаа юм. Тэгэхээр сум нь яах вэ. Ялгаагүй л машин унааны хомсдолтой, туулах чадваргүй машинтай болохоор сумын удирдлагууд ч түүнийг нь хүлээж аваад хоцорхоос өөр аргагүй. Малчны хотонд бол яг бахь байдгаараа л байна. 

-Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн зарлаад, малчдад туслана гээд байгаа. Зам харгуй гаргаж ажиллаж байгаа зүйлүүд харагдаж байх юм уу?

-Сая Улсын онцгой комиссоос шийдвэрүүд гаргаад туулах чадвар сайтай машин явууллаа гэсэн. Сүхбаатар аймаг руу 9 машин явуулсан гэнэ лээ. Яг газар дээрээ 6 машин ирсэн. Одоогийн байдлаар 4 нь эвдэрчихсэн. 2 нь үлгэн салган явж байна.

Яг хүндэрсэн айлууд руугаа тэр 2  машин нь ч явахад бэрх. Нийлж нэгдээд тийшээ зам гаргаад явах л ёстой юм.

-Та хэдүүлээ явж байна. Одоогийн байдлаар хэдэн айлд очоод байна вэ?

-Би шинийн 4-нд анхны лайваа хийсэн. Түүнээс хойш буцаагүй явж л байна. Манай багийнхан гэвэл хажууд зураач Амараа ах сууж байна. Зураглаач Батка, сумын эмч, ард манай багийн найз сууж байгаа. Энэ машинд бид тавуулаа явна. Урд машинд малын эмч, багийн дарга, жолооч гээд одоогоор найман хүний бүрэлдэхүүнтэй явж байна. Анх лайв хийж малчин өрх айл ямар байгааг бодитоор харуулсан. Түүнээс хойш айлуудаар явахад хурдтай явах ямар ч боломжгүй.

Мөлхөөд, ухаад явж байгаа ч яг үнэндээ зарим үед үнэхээр хүндрэлтэй. Санаа нь байвч сачий нь хүрэхгүй, очих айл олон байна. Одоогоор 20 гаруй айлд л очсон. Зарим ойрхон явах боломжтой айлуудад нь багийн даргатай нь холбогдож байгаад аль болох ойрхон, очих боломжтой газар нь дөхүүлж өгөөд, хүмүүс ч өөрсдөө боломжоороо чарга, мориороо чирээд харьж байна. Ингээд хэдий хэр айлд тус хүргэсэн байна гэхээр одоо 100-гаад айлд тусалжээ. Яг айлын хотонд очсон 25-26 л айл байгаа. Тэдгээр айлд хүрнэ гэдэг чанга, чанга. Гэхдээ нэгдэж нийлээд, олон баг гараад ажиллавал маш хурдан л эдгээр хүмүүст тус болох байх даа.    

-Таны бичлэгүүд дээр гарсан. Айлууд үхсэн малынхаа сэг зэмээр хашаа хороогоо өндөрлөсөн, цас хашааг нь давсан харагдана лээ. Төмөр зуд гээч зүйлийг малчид өөрсдөө юу гэж ярьж байна вэ?

-Бодит байдал тийм л байна.

Энд арчаатай, арчаагүйдээ малаа алдаад байгаа зүйл ер биш. Байгалийн гамшиг болж байгааг хүмүүс ойлгохгүй байна. Энэ олон хоног цас шуурахаар малчид үнэхээр сөхөрч байна. Өчигдөр би нэг бичлэг хийж оруулсан. 1700 малтай айл байсан. Одоо 200 хүрэхтэй үгүйтэй малтай үлдсэн айлын дүр төрх. Урд орой нь нэг малчин залуугаас ярилцлага авсан. Тэр залуу 800-900 малаас илүү гэртээ 20-иод малаа хийчихсэн л байж байгаа юм. 

-Очсон айлууд хүн хүч хэр байна. Бага насны болоод ахмад настантай айлууд ямархуу байдалтай байна вэ?

-Энэ зуд арваннэгдүгээр сараас эхэлсэн. Айлууд өвөлжөөндөө буугаагүй намаржаандаа байж байхад гэнэт усархуу бороо шахуу цас ороод тэр нь дуусалгүй шуураад, тэгээд л мал хуйгаа алдаад, малынхаа араас яваад энэ хооронд ард үлдсэн хэсэг нь ч хэцүүдсэн. Энэ бол яах аргагүй ярих ёстой зүйл.

Айлууд бүгд машин тэрэг унаатай байлаа ч бензин түлшний хомдсол үүссэн. Хотод яаж бензин хомсдлоо. Хөдөө түүнээс ч олдоц муутай байсан. Тэгэхээр нөгөө айлууд чинь өвс тэжээлээ татаж чадахгүй, нүүдэл суудлаа хийж чадахгүй. Нэг ёсондоо намаржаан дээрээ баларцгаасан. Хөдөөгийн малчид бүл цөөхөнтэй л байна. Нэг нь хонио хариулаад, нөгөө нь адуундаа явдаг цаг өнгөрчээ. 2-3-хан хүн л мал дээрээ үлддэг болчихсон. Бүл цөөтэйгөөс хүн хүч хүрэхгүй туйлдаж байна. 

-Эрүүл мэнд талаасаа малчид ямархуу байдалтай байна вэ?

-Өвлийн эд хүйтнээр хүмүүс машинтай явж байгаад хөлдөж осгосон байдалтай олдлоо гэж байсан. Хөлдөж нас барсан ч тохиолдол гарсан. Түүнээс хойш айхавтар хүмүүс эндсэн зүйл алга. Гэхдээ малаа алдчихсан, хэчнээн жилийн хөдөлмөрөө нэгхэн өвөл алдчихаж байгаа болохоор сэтгэл гутралд их орсон байна. Маш стресстэй харагдаж байна. Гундуухан л байна даа. Настай хүмүүс нь даралт ихтэй, нойргүйдэлтэй хүндхэн л байгаа гэж манай эмч хэлнэ лээ. 

-Та одоо ямар машинтай явж байна вэ. Баргийн машин цас туулж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр хөдөө орон нутагт, малчдад туслахаар хотоос гарах хүмүүс ямар машинтай гарах ёстой вэ?

-Бид яг одоо урдаа ГАЗ-66 машинаар зам гаргуулаад явж байгаа. Цэргийн зориулалттай бүхээгтэй, ногоон машин. Ер нь иймэрхүү л туулах чадвар сайтай цэргийн машинтай л явахаар юм билээ. Энэ зам хагалаад явангуут бид араас нь жийптэй дагаж явна. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр яваа хүмүүс иймэрхүү цэргийн зориулалттай зам хагалах чадвартай, туулах чадвар сайтай машин сонгоорой. Бидний унаж явсан Камаз машинд жижигхэн засвар гарсан. Гэхдээ түүнийгээ засуулсан л даа. Биднийг Дарви суманд хүлээж байгаа. Бид Онгон сумаа дуусгаад, Дарьганга буцна. Өнөөдөр хүртэл Асгатаас засаг дарга нь яриад “Та хэд наашлах боломж байна уу, бид хүрэх ёстой бүлдээ одоо хүртэл очиж чадахгүй байна” гэнэ лээ. Бид Дарьганга орчихвол нөгөө машинаараа цааш явна гэсэн бодолтой байна. Одоо Онцгойгоос явж байгаа 2-3 машиныг нь тэр рүү дууддаг юм уу, яадаг юм. Тэр хүн хүрч чадахгүй газруудаар очмоор байна. Над руу ч өөрсдөө ирээч гэж ярьж байна. 

-Та дараагийн айлдаа ирчихсэн үү? 

-Одоо би нэг айлын хотонд ирчихлээ. 

-Түр зогсоод нөхцөл байдлыг харуулж болох уу. Гадаа хэдэн хэмийн хүйтэн байна вэ?

-Өнөөдөр харьцангуй дулаахан байна. -26 градусыг зааж байна. Би одоо хотных нь гадуур явж харуулъя. Ер нь айлууд хамгийн багадаа малынхаа 50 хувийг алдчихсан. Малынх нь хашааг харж байна уу. Гадаа нь үхсэн мал нь хэвтэж л байна. Айлуудын хотонд яваад очихоор дандаа л иймэрхүү байдалтай байгаа. Одоо яг мал төллөх цаг дөхчихсөн. Хээл даахгүй хаях нь хаяад, төл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тэр харж байна уу. Хашааныхаа хойно үхсэн малаа овоолчихсон. Тэр нь цасандаа дарагдаад хэчнээн мал үгүйрснийг барагцаалах боломжгүй болж. Ер нь малын хорогдолгүй нэг ч айл алга. Маш сайн бэлтгэлээ хангаж чадсан айл 50 хувиа авч үлдэж байх шиг байна. Зарим нь бүр тэг ч зааж байна. Адуугаа дулаан орохоор олж авна даа гэсэн айлууд ч цөөнгүй байна. Тэр малын хашаа нь цастайгаа дүйцхүйц болж. Зарим нурсан хэсгээр үхсэн малынхаа сэг зэмийг овоолж хаасан байдалтай байгаа биз. Би тэр айлын хүнтэй хэдэн үг солиотох уу?

-Тэгье.

-Чамд асуух зүйл байвал асуугаарай.

-За.

-Өвөлжөө хэр байна вэ?

-Чанга чанга.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Онгон сумын гуравдугаар багийн малчин Ч.Бат-Эрдэнэ.

-Танайх малын хорогдол хэр байна вэ?

-Хүний өөрийн нийлсэн мянгаад мал байсан. Одоо 500-гаад л үлдсэн байх. 

-Өвс тэжээл бий юу?

-Өвс тэжээл жаахан бий. Бараг дуусч байгаа. 

-Сумын төвөөсөө хэр зайтай айл вэ. Хэзээ хамгийн сүүлд төв оров?

-Сумын төвөөс 60 км зайтай. Хамгийн сүүлд Цагаан сарын өмнө л төв орсон. 

-Танай хотонд тусламж ирсэн үү?

-Яг гэрт тусламж ирээгүй. Сумын төв дээр тусламжийн зүйлс үлдээсэн байсныг нь замын унаанд дайсан. Машин нь наашаа явах боломжгүй гээд замд нь морь тэргээр очиж авсан. 

-Хүн хүч хэр байна вэ?

-Бэртэйгээ, хүүтэйгээ дөрвүүлээ л байна. 

-Эрүүл мэндийн байдал хэр байна вэ?

-Залуу хүмүүс болохоор харьцангуй гайгүй байна даа.

-За баяртай. Урд машин хөдлөөд явчихлаа. Цааш явахгүй горьгүй нь. Буцах замдаа дахин ирнэ ээ. (Өөскө малчинтай салах ёс хийгээд цааш хөдлөв)

-Цасны зузаан хэр байна вэ?

-Цасны зузаан овоо байна. Одоо Онгоноос Дарьганга руу явж байна. Дарьганга зүг рүүгээ цасны зузаан улам нэмэгдээд байна л даа. 

-Танаас хүмүүс тусламж гуйгаад байна гэсэн. Тусламжаа үзүүлсээр байх уу. Хотод хэзээ ирэх бодолтой байна вэ?

-Би шинэ уран бүтээл эхлэх төлөвлөгөөтэй байсан юм. Түүнийгээ эхэлхээс өмнө нутаг орондоо оччоод буцна гэсэн бодол тээж ирсэн. Яг үнэндээ харимаар л байна. Гэвч хүмүүс энд ийм байна, тэнд тэгээд байна, тэгээд өгөөч, ингээч гэсэн маш их юм байна. Нутгийн удирдлагуудтай яриад тэнд тэгье, энд ингээч, болж өгвөл туслачих санаатай л явна. Одоо яг хэлж мэдэхгүй л юм. Хотоос хандив тусламж ачсан машин илгээх л юм. Нөгөөхийг нь ачсан машинууд дандаа хулхи байдаг юмуу. Замдаа эвдэрчихээд миний дургүйг хүргээд (инээв) бөөн нервтэй л явна. Ажил алаад, хамаг юм хүлээлгээд хаячихаж байгаа юм. 

-Тэгэхээр цаг агаар тогтуун болж, нөхцөл байдал сайжиртал наанаа байх уу?

-Ямар ч байсан энэ сарыг дуустал хүмүүсийг холбоод, эндээ ажиллах санаа байна. 28-нд визэнд орох ёстой байсан. Тэр ч будаа болж байх шиг байна. Цаг агаарын урьдчилсан мэдээг харахаар гуравдугаар сарын 2-3-наас огцом дулаарах юм билээ. Жаахан дулаарчихвал гайгүй байлгүй дээ. Гэхдээ л гуравдугаар сар цаг агаарын мэдээгээр хүйтэн салхи шуургатай байх сонсогдож байна. Одоо малчид үлдсэн хэдэн малаа л авч үлдэх тухай ярьж байна. Өвлөө давлаа ч хавар ч бас чанга шүү дээ. 

-Хотод байгаа нутгийн зөвлөлийнхнөөс тантай холбогдож байна уу?

-Нутгийн зөвлөлийнхөн тус тусдаа хандив тусламж цуглуулаад, өөрсдөө авчраад өчигдөр аймгийн Засаг даргад хүлээлгэж өгч байна лээ. Би түүнийг нэг их дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр

айлынхаа хотонд өөрсдийнхөө биеэр өөрсдөө хүлээлгээд өгч яагаад болохгүй байгаа юм бэ. Хүн шүгэл үлээхээр худлаа хандив өргөсөн гэж постлоод л. Тэр нь яг малчдынхаа гарт хүрсэн зүйлгүй. Ингэж явах хэрэг байхгүй шүү дээ. Өөрсдөө хэд хэд хуваагдаад баг болоод, нутгийн зөвлөл яг л ийм үед ажиллах ёстой юм. Тэгэхгүйгээр тэдэн зуун тонн юм өглөө гээд л бараг тууз хайчлах нь холгүй л юм хийгээд яваа харагдана лээ.

Миний хүсээд байгаа зүйл үнэхээр тусламж өгмөөр байгаа бол хэд хэдэн баг болж хуваагдаад, туулах чадвар сайтай машинтай, айлынхаа хотонд өөрсдийнхөө тусламжийг хүргээд өгөөч ээ л гээд байгаа юм. Тэгэхгүй сумын төв, аймгийн төвд засаг дарга нарт хүлээлгэж өгөөд, тэндээ гацчихаж байна. Ер нь анзаараад байхад төрийн гаргасан шийдвэр ширээн дээрээ гацаж байна. Наашлаад доод шатандаа ирээд гацчихна. Тэгээд яг ард иргэддээ очиж байгаа зүйл түй ч алга. Анзаараад байхад хариуцлагагүй ийм л ажиглагдаж байна. 

С.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19