Dark Light
Нийгэм | 2024-04-08

ЭМГЭНЭЛ: НЯМЖАВЫН СҮХДОРЖ (1950- 2024)

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт зохиолч, олон сайхан дуугаа түмэндээ түгээсэн яруу найрагч Н.Сүхдорж 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд хань бүл, үр хүүхэд, ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Н.Сүхдорж 1950 онд Ховд аймгийн Жаргалант хотод төрсөн. 1968 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1975 онд УБДС төгссөн. 1969-1972 онд цэргийн алба хаасан. 

Монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжилтэй. 

Тэрбээр 1975 оноос Ховд аймгийн Мянгад, Мөст, Манхан, Буянт сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын V дунд сургуульд  багш, хичээлийн эрхлэгч, 1984 оноос 2010 он хүртэл Сэлэнгэ аймгийн АДХГЗ-нд Боловсролын байцаагч, тус аймгийн Боловсрол, Соёлын төвд соёлын арга зүйч, Сэлэнгэ аймгийн Хүүхдийн ордны сургалтын менежерээр ажиллаж байгаад 2010 онд гавьяаны амралтдаа гарчээ. 

Тэрбээр Монголын боловсрол, соёлын байгууллагад олон жил, тогтвортой ажиллахдаа өсвөр үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, монгол ардын аман зохиол, өв соёлыг хамгаалах, соёл урлагаар орон нутгийн хөдөлмөрчдөд үйлчлэх, сурталчлахад сэтгэл зүтгэлээ зориулж, Сэлэнгийн Буур хээрт Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулан дурсгалын хөшөө босгох, Сайханы хөтөл дээр аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг санаачлан зохион байгуулсан билээ. 

Н.Сүхдорж 1970-аад оноос уран зохиолын замналаа эхэлж, “Билгийн хөх уул”, “ “Хүслийн цэнхэр уулс”, “Ирэмчин гялалзах оддын дор” зэрэг яруу найргийн, “Оготор шар нарны дор”, “Манант түүхийн хүрдэн дор”, “Унага зүүрмэглэх анирхан хөдөө минь“ зэрэг тууж өгүүллэгийн, “Өндөр хөхийн унага” роман,  сурвалжилга, дурсамж тэмдэглэлээс бүрдсэн сэтгүүл зүйн“Бурхан бумбын Зэлтэр нутаг”, “Сэлэнгийн шаргал намар”, “Монголын шилдэг нийтлэл” түүврийн 95-р боть зэрэг 40  гаруй ном, “Тэнгэрийн гэсгээл”, “Бор чоно”, “Цагаан мөртэй яваарай” зэрэг 20-оод жүжиг, киноны зохиол, “Эх монгол орон мину зээ”, Жинжиймаа”, “Монгол наадам зэрэг 120 гаруй дууны шүлэг бичиж, анд нөхдөдөө “Сэлэнгийн Сүхдорж” хэмээн цоллуулсан, бүтээл туурвил нь англи, македон, казах, хятад, орос хэлээр хөрвүүлэгдсэн авьяаслаг зохиолч байлаа. 

Түүний зохиолоор 1984 онд бүтээсэн “Бор чоно” кино нь Монголын үе үеийн үзэгчдийн таашаалд нийцсэн 10 киноны нэгээр шалгарч, Монголын кино урлагийн алтан санд орсон бөгөөд 2014 онд Ховд аймгийн ХДТ-т тоглуулсан “Галдан бошгот хаан” дуулалт бүжгэн жүжиг нь оны шилдэг бүтээлийн жүжгийн төрөлд “Алтан-Өд” шагнал хүртэж, 2015 оны олон улсын тайзны урлагийн “Гэгээн Муза-12” наадмын шилдэг жүжгээр шалгарчээ. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтран бүтээсэн “Хайр шингэсэн тоорой” дуулалт бүжгэн жүжгийг нь  БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид  Хөх хот, Бээжин хотод монгол, хятад хэлээр тоглож байв. 

Н.Сүхдоржид 2001 онд МЗЭ-ийн шагнал, түүний туурвисан “Өндөр хөхийн унага” романд 2018 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг тус тус хүртээжээ.

Түүний Монголын боловсрол, соёл, утга зохиолыг хөгжүүлэх, монгол туургатны урлаг соёлыг сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2021 онд Д.Нацагдоржийн шагнал олгосон байна. 

Н.Сүхдорж олон жил МЗЭ-ийн Сэлэнгэ аймгийн салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2002- 2008 онд тус салбарыг тэргүүлэхдээ утга зохиолыг сурталчлах, уран зохиолын авьяастай хүүхэд, залуусыг нээн тодруулах, тэднийг уран бүтээлийн замд сурган чиглүүлэхэд чармайн зүтгэсэн уран бүтээлийн үнэнч анд, дэлгэр сэтгэлт багш, ах байлаа. 

Эрхэм анд, ах, багш таны их утга зохиолд үлдээсэн арвин өв, гэгээн мөрийг тань үргэлж хүндэтгэн дурсах болно. 

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19