Богдын шар ордонд Дэчэнгалаба дацан үүсгэн байгуулагдсаны 220 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацанд болно.
Богдын шар ордонд Дэчэнгалаба дацан үүсгэн байгуулагдсаны 220 жилийн ойг тохиолдуулан “Их Монгол оронд цогт цагийн хүрдний өв уламжлал, эрдэм судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 08:00–17:30 цагт МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацанд болно. Хурлыг МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацан, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхан шашны их сургууль (МБШИС) хамтран зохион байгуулж байна. Хурлын ерөнхий ивээн тэтгэгч: СОДОН НОМИН КОНСТРАКШН ХХК.
Хуралд ОХУ, АНУ, Энэтхэг, Унгар зэрэг 5–6 орны эрдэмтэн, судлаачид, мөн дотоодын судлаачид, МБШТөв-Гандантэгчэнлин хийд болон Дэчэнгалаба дацангийн эрдэмтэн лам хуврагууд оролцож илтгэл тавина.
Хурлын агуулга
Хурал гурван хэсгээс бүрдэх бөгөөд дараах чиглэлүүдийг хамарна:
• Дүйнхор (цагийн хүрд)-ын номлолын философийн үндсэн илтгэлүүд;
• Түүхэн судалгаа: Дэчэнгалаба дацангийн өнгөрсөн ба өнөө үе, Богд Жавзандамба хутагт ба дацангийн холбоо;
• Сүүлийн арван жилийн шинэ судалгааны үр дүн. Үүнд Дэчэнгалаба дацангийн 1806 онд зохиогдсон их жаягийн анхны гар бичмэлийг бүрэн эхээр нь олж илрүүлсэн нээлт багтана.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор (Sc.D), профессор О.Батсайхан “Богдын шар ордон”, МУБИС-ийн доктор (Ph.D), профессор Л.Алтанзаяа “Дүйнхор дацангийн жаягийн хөрвүүлэг, тайлбарыг нягтлах нь” сэдвээр илтгэл тавина. Мөн Богдын хүрээ, Дэчэнгалаба дацангийн түүхийг судалсан гадаад, дотоодын эрдэмтэд оролцоно.
Түүхэн товч
Дэчэнгалаба дацанг 1806 онд IV Богд Жавзандамба хутагтын санаачилгаар Богдын шар ордонд байгуулсан бөгөөд үе үеийн Богдуудын шашин, төрийн үйл хэргийг хослон явуулдаг цогцолбор болон хөгжих үндэс тавигджээ. Тарнийн ёсны энэхүү дацан 50 ламтай байсан бөгөөд тавь дахь лам нь Богд Жэвзүндамба хутагт өөрөө дорж ловонгийн хувиар багтдаг байв.
Богдын шар ордон нь Зүүн хүрээнд, одоогийн Их сургуулийн гудамж, бага тойруугийн уулзвар орчимд байрлаж байсан. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан жил Цагаан сарын төрийн золголтыг шар ордонд хийсэн бөгөөд түүнээс хойш Богд хаант Монгол Улсын үед төрийн золголт энд болдог байжээ. Дацан 1937 онд хэлмэгдүүлэлтэд өртөж, 1993 онд дахин сэргэсэн.
Хурлын ач холбогдол
Хурлын зорилго нь дотоод, гадаадын судлаачдын бүтээл, олж тогтоосон баримтыг нэгтгэж, цаашдын судалгааны зорилт, төлөвлөгөөг тодорхойлоход оршино.
Оролцох боломж
Хурал олон нийтэд нээлттэй. Энэ чиглэлээр сонирхон судалдаг эрдэмтэн, судлаачид, сүсэгтэн олон хүрэлцэн ирж оролцох боломжтой.
• Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 22
• Цаг: 08:00–17:30
• Байршил: Улаанбаатар хот, БГД-гийн 16 дугаар хороо, Өндөр гэгээний Занабазарын нэрэмжит гудамж, МБШТөв-Гандантэгчэнлин хийд Дэчэнгалаба дацан,
Холбоо барих
Хурлын зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн П.Алтангэрэл
Утас: 89114847
Имэйл: aadka_3@yahoo.com
ТАТАР МАЙДАР







Нийгэм



