Манай сурвалжлах баг Сүхбаатар аймгийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой “Хонх” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хүргэсэн. Нэвтрүүлгийн дараагаар буюу өнөөдөр АТГ-аас энэ талаар мэдээлэл хийлээ.
АТГ-ын Хэвлэлийн ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ-аас явуулж буй Сүхбаатар аймгийн удирдлагуудтай холбоотой мэдээллийг прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлье. АТГ-ын мөрдөн байцаах газар Сүхбаатар аймгийн Засаг дарга, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон аймгийн холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Шалгалтын хүрээнд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнд:
Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6700 м.кв, мөн 1359 м.кв хэмжээтэй хоёр байрлал бүхий газрыг газрын зориулалт болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох хуулийг зөрчиж, зориулалтыг нь өөрчилж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй. Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2635 м.кв хэмжээтэй авто угаалга гражийн зориулалттай газрыг төлбөрөө төлөөгүй байхад Газрын тухай хуулийг зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал олгосон байж болзошгүй. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт байрлах 3211 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхийг нь Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж, давуу байдал бий болгосон. Архитехтур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгч 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцлийг бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Сүхбаатар аймгийн Засаг дарга болон эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулж гэрээний гүйцэтгэл, техникийн тодорхойлолт тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт шаардлагыг хангаагүй. Өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж, өөртөө болон бусдад эдийн болон эдийн засгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй.
Мөн Сүхбаатар аймгийн төр хувийн хэвшлийн зөвлөлийн даргын албан тушаалын байдал нөлөөг урвуулан ашиглаж, БНХАУ-д аялах 29 хүний аялалын зардлыг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа нэр бүхий компаниар төлөөлүүлж, өөртөө болон аймгийн төр захиргааны байгууллагын албан тушаалтнуудад эдийн давуу байдал болгосон асуудал дээр мөн яллагдагчаар татсан. Дээрх асуудалд Сүхбаатар аймгийн төр захиргааны байгууллага болон хууль хүчний байгууллага, төрийн захиргааны бусад байгууллагын бүх удирдах албан тушаалтнуудын зардлыг гаргуулж аваад БНХАУ-д аялуулсан нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн аймгийн удирдах албан тушаалтнууд гэмт хэргийн замаар олсон мөнгөө нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий иргэдийн банкны данс, картыг ашигладаг. Ахуйн хэрэгсэл, бараа, баяр ёслолын үеийн бэлэг сэлтэд албаны эрх бүхий нөлөөгөө ашиглаж, үйлчилгээний төвүүдээс төлбөрийг төлөхгүй авдаг. Улмаар уг төлбөрийг хууль бус орлогоороо нөхөж төлдөг. Өөрийн албаны эрх нөлөөг бэхжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдийг гэрээнд заагаагүй төлбөрийг авч, аймгийн төрийн захиргааны болон тусгай чиг үүргийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг гадаад улсад үнэ төлбөргүй аялуулдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа этгээд нь 1989 онд төгсөгчдийн клуб нэртэй төрийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг нь тогтоогдсон. Тухайн төрийн бус байгууллагын гишүүд нь өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан Сүхбаатар аймагт зарлагдсан өндөр үнэ бүхий тендерт удаа дараа сонгогдсон нөхцөл байдал тогтоогдлоо” гэв.
С.ОТГОН
АДМИН







Нийгэм




