ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын ЭШДА Х.Тэмүүжин, Ц.Билгүүн нар 2024 оны 06 сарын 17-оос 07 сарын 08-ны хооронд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгаар хээрийн судалгааны ажил хийж гүйцэтгэж нийт 51 цэвдгийн цооногийн температурын мэдээ, 7 цаг уурын станцын мэдээ, 12 цэгийн гадаргын температурын мэдээг хураав. Тус судалгаагаар мөстлөгийн алдрал, хайлалтыг судлах зорилготой 2023 онд Мөнххайрхан уулын Долооннуурын хөндийн мөстлөгт 4 метр өрөмдөж суулгасан шонгуудын хэмжилтийг эхний байдлаар авснаараа онцлог байв. Хээрийн хэмжилтийн эхний үр дүнд мөстлөгийн зузаан 1 жилийн дотор дунджаар 3.3 метрээр хайлсан үр дүн гарсан бөгөөд энэхүү судалгааг үргэлжлүүлэх зорилгоор Мөнххайрхан уулын тодорхой мөстлөгт дахин 10 шонг 4 метрийн гүнд суулгалаа. Хэмжилтээр гарч ирсэн мөстлөгийн алдралыг Италийн Валле дахь Гранд Этрет мөстлөгийн дундаж хайлалттай харьцуулж үзэхэд 60 сантиметрээр илүү хайлсан байна. Тухайлбал Гранд Этрет мөстлөгийн өдрийн идэвхтэй хайлалтын хурд 3.4 см/өдрөөс 4.7 см/өдөр хооронд байдаг бол Мөнххайрхан уулын мөстлөгийн хайлалтын хурд үүнээс их байх төлөвтэй байна.
Мөн энэхүү бүс нутагт мөстлөгийн масс баланс болон мөстлөгийн толбоны (криоконит нүх) судалгааг хийх зорилгоор DJI RTK өөрөө нисэх төхөөрөмж ашиглан мөстлөгийн болон мөсөн ханатай нуурын ортопото зургуудыг авлаа.
Түүнчлэн Мөнххайрханы мөстлөгт хийсэн судалгааны явцад илрүүлснээр хамгийн том толбо (нүх) нь 1.5 метр урттай, 70 см өргөнтэй, 50 см гүн байсан бөгөөд эдгээр толбо нь тоос шороо, хөө тортог, органик бодис, бичил биетний үлдэгдэл хайлсан ус, хурдсаар дүүрсэн цилиндр буюу D хэлбэртэй мөстлөгийн толбо юм. Иймд цаашид энэ төрлийн судалгааг нарийвчлан хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн






АДМИН








Нийгэм







