Dark Light
Нийгэм | 2024-08-03

Голууд үерийн аюултай түвшнийг даван үерлэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хангай нуруудын араас усжих Хануй, Чулуут, Урдтамир, Хойттамир, Орхон, Сэлэнгэ, Хөгшин Орхон, Сэлэнгэ мөрний савын Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, Хараа, Шарын гол зүүн хажуугийн Эг, Барх, Хурх, Хэрлэн, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-85 см нэмэгдсэн байна.

Туул / Босгын гүүр-Улаанбаатар- Алтанбулаг /, Хараа /Дархан/, Эг, Онон /Биндэр/, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх /Ялалт баг/, Улз, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшнийг 10-40 см, Туул /Лүн/, Хурх, Барх, Балж, Онон, Улз /Дашбалбар/ болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшнийг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшнийг 5-15 см давсан хэвээр байна. 

Маргааш буюу наймдугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот Алтанбулаг сум орчимд усны түвшин 5-25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 15 см, Орхон гол Хархорин болон Өлзийт сум орчимд 15-20 см, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт-Өндөрхаан орчимд 5-30 см, Хараа гол Дархан орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. 

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой тул дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, халих мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10