“Парис 2024” олимпын наадмын үеэр улс орнуудын соёл уламжлал, урлагийн болоод үндэсний хоол зэргийг жуулчдад таниулан сурталчилах зорилготой House төсөл хэрэгжиж байгаа билээ. Манай улс энэхүү арга хэмжээнд эрх авсан 15 улсын нэгээр анх удаа шалгарч “Mongolia house” нэрэн дор үндэсний урлаг, спорт, идээ ундаа, өв соёлоо таниулан сурталчилж, өдөр бүрийн 11:00 цагаас эхлэн үдшийн 22:00 цаг хүртэл 6-7 удаагийн нэгдсэн хөтөлбөрийг зохион байгуулж байна. La Villette цэцэрлэгт хүрээлэнд 7-р сарын сарын 27-нд нээлтээ хийсэн энэхүү үйл ажиллагаа өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжилж байна. “Mongolia house”-аар ажлын өдрүүдэд өдөртөө 3000-4000, амралтын өдрүүдэд 5000-6000 хүн зорин ирж, асруудаар зочлон үйлчлүүлсээр байна. Тэр дундаа гадны жуулчид дийлэнх хувийг нь эзэлж байгаа бөгөөд үндэсний бөх, сур, шагайн харваа, уран бийрийн бичлэг, Хөсөгтөн хамтлагийн дуунууд, уран нугаралт, үндэсний бүжгийн үзүүлбэрүүд, бий биелгээ, монгол хоолыг маш ихэд сонирхож буй. Мөн европын улсуудад сурч, ажиллаж амьдарч байгаа монголчууд “Mongolia house”-аар зочлон ирсээр байна. Тэд эх орондоо очиж наадам үзсэн мэт сэтгэгдэл төрж буйгаа илэрхийлж байлаа. Энэ үеэр европт суугаа монголчууддаа зориулан наймдугаар сарын 3,4-ны өдрүүдэд Seryoja, AM-C нар тоглолтоо хийлээ. Эх орноо дэлхийд таниулах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой уг төслийг МҮОХ-ны санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, төрийн бус байгууллагууд болон бизнесийн түнш байгууллагууд дэмжин оролцож байна.






АДМИН








Нийгэм







