Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалт эхэлснээс хойш авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчсон нийт 9677 автомашин, 12530 зорчигчид үзлэг шалгалт хийхэд найман удаагийн тохиолдлоор 22 тарвага, түүхий эд тээвэрлэн явсныг илрүүлж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн зургаан дүүргийн шалган нэвтрүүлэх арван товчоонд НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, НБОГ, НМЭГ-аас алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэж байгаа мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газраас өглөө.
Мөн 2025 оны долдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн аманд малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол батлагдсан. Уг асуудлаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Нэг сарын хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож 11 айлыг хяналтад авсан. Гурван айлын найман үхрийг устгалд оруулж, бусад айлын малд дархлаажуулалт хийсэн. Ингээд дархлаажуулалтын нэг сар 2025 оны наймдугаар сарын 8-ны өдөр дуусаж, хорио цээрийн дэглэмийг цуцалсан” гэв.