“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 4 дэх жилдээ Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ нь Монгол Улсын соёлын биет бус өв, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг таниулж, аялал жуулчлал болон эдийн засгийг дэмжих зорилготой үндэсний болон олон улсын чухал арга хэмжээ юм. Энэ удаагийн фестивалийг “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” болон “Отог” хэлбэрээр өргөжүүлэн, үндэсний болон угсаатны өв соёлыг онцлон харуулж буй нь онцлог юм. Фестивальд 21 аймаг, нийслэлийн 450 гаруй өв уламжлагч өөрсдийн авьяас чадвар, өв соёлыг толилуулж байна.
Фестивалийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Монголчууд бол олон зууны турш байгальтай зохицон амьдарч, нүүдлийн өвөрмөц соёлыг бүтээж ирсэн ард түмэн. Дэлхий дээр энэхүү амьд соёлыг хадгалж буй цорын ганц улс бол Монгол. Тиймээс бид язгуур соёлоо хадгалах, дэлхийд таниулах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөгжлийг шинэ түвшинд хүргэх учиртай" хэмээн онцоллоо. Мөн тэрээр “Нүүдэлчин” фестивалийг соёлын өвийг хадгалах, өвлүүлэх, жуулчдад танилцуулах соёлын эдийн засгийг хөгжүүлэх, үндэсний дархлаа, тусгаар тогтнолыг бататгах соёлын дипломат ажиллагаа хэмээн тодорхойлсон.
Судалгаагаар манай улсад зочилж буй гадаадын жуулчдын 28 хувь нь нүүдлийн соёлыг сонирхдог нь энэхүү фестиваль зөвхөн соёлын биш, эдийн засгийн чухал ач холбогдолтойг харуулж байна.