Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын аравдугаар уулзалт 2025 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. ФЕАЛАК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд тус форумын гишүүн 33 улс, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Латин Америк, Карибын эдийн засаг, нийгмийн комисс болон тус форумын Цахим нарийн бичгийн даргын газрын нийт 120 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцлоо.
2025 оны наймдугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яаманд болсон Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтыг тус форумын Зүүн Азийн бүс нутгийн даргалагчийн хувиар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Латин Америкийн бүс нутгийн даргалагч ФЕАЛАК-ын асуудал хариуцсан Доминиканы Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын Тусгай элч хамтран даргалж, удирдав.
Уулзалт “25 жил ба цаашдын төлөв: Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны алсын хараа” сэдэв дор явагдаж, төлөөлөгчид ФЕАЛАК-ын үйл ажиллагааг сэргээн эрчимжүүлэх, олон улсын харилцааны сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, эдгээр чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, зорилтуудыг энэхүү уулзалтын дүнгээр батлагдсан “Улаанбаатарын Тунхаглал”-д тусгав.
Түүнчлэн 10 дугаар уулзалтаар “Эрчим хүчний шилжилтийн төлөөх олборлолтын салбар ба онц чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн дэх бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа” төсөлд зарим гишүүн орны хамт Монгол Улс хамрагдахаар болсон нь тус уулзалтын нэгэн чухал үр дүн болов. Тухайлбал, ФЕАЛАК-ын гишүүн орнуудад дэлхийн нийт зэс, кобальт, литийн нөөцийн 30 хувь, никелийн 60 гаруй хувь, нийт ховор элементийн 75 гаруй хувь ноогдож байна.
Энэхүү форум нь Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эдийн засгийн яриа хэлцээг хөгжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан хоёр тивийг холбосон цорын ганц албан ёсны яриа хэлцээний механизм ба эдүгээ уг олон талт форумд хоёр тивийн 36 орон хамрагдаж байна. ФЕАЛАК-ын гишүүн орнууд дэлхийн нийт хүн амын 37 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, дэлхийн нийт барааны экспорт, импортын гуравны нэгийг тус тус бүрдүүлж байна.
Монгол Улс хувьд 2010 онд энэхүү олон талт механизмд нэгдэн орсон. ФЕАЛАК-ын хүрээнд идэвхтэй ажиллах нь хурдтай хөгжиж буй дэлхийн Өмнөдийн гэгддэг орнуудтай идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг бэхжүүлэх, Гуравдагч хөршийн бодлогын хамрах хүрээ, орон зайг тэлэхэд чухал ач холбогдолтой юм.