Богд Хан уулын Зайсангийн амнаас Тэнгэр хадны чиглэлд байрлах явган алхалтын замыг шинээр тохижуулах ажлыг Зэвсэгт хүчний алба хаагчид санаачлан эхлүүлж, уг ажил амжилттай үргэлжилж байна.
Уг төслийн гол зорилго нь нийслэлийн иргэд, жуулчид болон байгальд хайртай олон нийтэд зориулан эрүүл мэндээ дэмжих, байгаль орчноо хайрлан хамгаалах, аюулгүй, ая тухтай алхах орчныг бүрдүүлэхэд оршиж байна. Мөн явган аялагчдын төөрөх, бэртэж гэмтэх зэрэг эрсдэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой юм.
Өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабаас томилогдсон ажлын хэсэг шинээр тохижуулж буй явган алхалтын замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцлаа. Уг зам нь байгалийн унаган төрхийг хадгалсан, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр хийгдэж байгаагаараа онцлогтой.
Ийнхүү иргэдийн ая тухтай, аюулгүй алхах орчныг бүрдүүлэх, нийтийн эрүүл мэндийг дэмжих,ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн энэхүү ажил цаашид ч үргэлжлэх юм.