Dark Light
Нийгэм | 2026-09-11

БУРИАДАД ГАНЦХАН ХОНОГИЙН ДОТОР 11 БААВГАЙ АГНАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баавгай болон бусад ойн оршин суугчид хоол ундны дутагдлаас үүдэн амьдрах орчноосоо дайжих, хүн ам төвлөрсөн суурин газарт үзэгдэх нь буй. Ялангуяа баавгайн хувьд намар (9-11 дүгээр сар) бол хамгийн чухал үе. Тэд өвөл туйлдахгүйгээр ичихийнхээ өмнө хором ч амрахгүй идэж, өөхөн давхарга үүсгэх ёстой "ухаан зулаггүй идэх үе шат" буюу биологийн хэлээр гиперфаги-д ордог. Хэрэв Буриадын тайгад хушны самар, нэрс, үхрийн нүд муу ургасан бол тэд өөр аргагүйгээр хоол хайж урагшаа (Монгол руу) эсвэл хүний суурьшлын бүс рүү зүглэдэг нь байгалийн жам.
 
Яг энэ үеэр хөрш зэргэлдээ ОХУ-ын Буриадын БНУ-д зэрлэг баавгайнууд хоол тэжээл хайж суурин газар руу олноор үзэгдэх болсон тул тус улсын Онцгой албад болон анчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Нэг хоногт 34 дуудлага
 
Буриадын Байгаль орчны хяналтын газарт (Бурприроднадзор) зөвхөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд "Айл руу баавгай орж ирлээ", "Гудамжинд баавгай явж байна" гэсэн нийт 34 удаагийн яаралтай дуудлага иргэдээс бүртгэгджээ. Ангийн байцаагчид болон мэргэжлийн анчдын бүрэлдэхүүнтэй баг дуудлагын дагуу 26 удаа газар дээр нь шуурхай очиж ажилласан байна.
 
Баавгай устгах ажиллагааг Буриадын нийслэл Улаан-Үд хотын захын дүүргүүдээс гадна Баунтов, Кабанск, Бичур, Закаменск, Тарбагатай, Мухоршибир, Прибайкальск, Сэлэнгэ болон Заиграево зэрэг бараг бүх томоохон дүүргүүдэд зохион байгуулах болжээ.
 
Нийт 103 махчин амьтныг устгаад байна
 
Хүн, мал руу дайрах өндөр эрсдэлтэй байсан тул ганцхан хоногийн дотор 11 баавгайг буудан устгахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн Буриадын ХМХ-ээр бичиж байна. Түүнчлэн Буриадын нутаг дэвсгэрт суурин газрын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс энэ улиралд устгасан баавгайн нийт тоо 103-т хүрчээ.
 
Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар, намар болж баавгай ичээндээ орох хугацаа дөхсөн ч ойд идэш тэжээл хомсдсон, жимсгэнэ муу ургасантай холбоотойгоор махчин амьтад ийнхүү хүний суурьшлын бүс рүү олноор зүглэх болсон байна. Түүнчлэн иргэдийг ил задгай хог хаяхгүй байх, ойд ганцаараа явахгүй байхыг анхааруулсан аж.
 
Хөрш Буриадад тохиолдсон идэш тэжээлийн хомсдолоос болж баавгайнууд Монголын хил давж орж ирэх нь зөвхөн таамаглал биш, шинжлэх ухааны хувьд болон практик дээр өмнө нь батлагдаж байсан, бүрэн боломжтой бодит үзэгдэл юм. Өмнө нь Монголд яг ийм тохиолдол бүртгэгдэж байсан билээ. Тодруулвал, манай улсад 2019 оны намар яг ийм том хэмжээний үйл явдал болж байв. Тухайн үед Сибирь болон Буриадын тайгад асар том түймэр гарч, жимсгэнэ үгүй болсноос үүдэж Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв аймаг, бүр Улаанбаатар хотын орчим (Богд уул) хүртэл Оросоос дайжсан хэдэн арван баавгай орж ирж, айлын гэр, малын хашаа руу дайрсан тохиолдол олныг цочирдуулж байсныг манай уншигчид санаж буй байх. Тэгэхээр Буриадад хоол унд хомсдох бүрт Монгол руу баавгай орж ирэх эрсдэл шууд нэмэгддэг.
 
Буриадад баавгай ийнхүү үймж байгаа үед Монголын хилийн бүс болон хойд аймгуудын (ялангуяа Сэлэнгэ, Хөвсгөл) иргэд, малчид ч гэсэн сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19