Dark Light
Нийгэм | 2026-09-13

АВСТРАЛИД ОЛОН САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВСАН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДАХИН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | доктор Батмөнхийн Мөнхбаяр
Австралийн шинжлэх ухааны салбарт нанотехнологи, дэвшилтэт материалын чиглэлээр дэлхийд үнэлэгдэж буй Монгол эрдэмтэн, доктор Батмөнхийн Мөнхбаяр тус улсын эрдэм шинжилгээний оргил амжилтуудыг дараалан байгуулсаар байна.
 
Тэрээр Гриффитийн их сургуулийн (Griffith University) "2026 оны Pro Vice Chancellor (Science) Excellence of a Mid-Career Researcher Award" буюу шинжлэх ухааны салбарын "Дунд шатны шилдэг судлаач"-аар шалгарчээ. Доктор Батмөнхийн Мөнхбаяр нь 2021 онд тус сургуулийн "Залуу судлаачийн шагнал" (Early-Career Researcher Award)-ыг хүртэж байсан бол ердөө тавхан жилийн дараа дараагийн шатны шилдэг судлаачаар ийнхүү дахин шалгарсан нь түүний судалгааны ажлыг Австралийн шинжлэх ухааны салбарт маш өндөр түвшинд үнэлж буйн илэрхийлэл юм.
 
Судалгааны санхүүжилт нь 2.8 сая австрали долларыг давлаа
 
Австрали улс нь жилдээ 45 тэрбум AUD-ийн судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) хөрөнгө оруулалт хийдэг дэлхийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй шинжлэх ухааны экосистемтэй. Ийм хатуу орчинд Монгол эрдэмтэн өөрийн лаборатори, судалгааны багийг удирдан, олон сая долларын санхүүжилт татаж чадсан байна. Түүний удирдаж буй болон хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн нийт санхүүжилт өдгөө 2.8 сая австрали долларыг (AUD) давжээ.
Тэрээр Австралийн Судалгааны Зөвлөл (Australian Research Council - ARC)-ийн хамгийн нэр хүндтэй бөгөөд өрсөлдөөнтэй дараах грантуудыг эзэмшиж байна:
  • ARC Future Fellowship: 1.15 сая AUD
  • ARC DECRA (Discovery Early Career Researcher Award): 448 мянган AUD
Эдгээр олон сая долларын санхүүжилт нь эрдэмтэн урт хугацаанд ямар нэгэн санхүүгийн саадгүйгээр дэлхийн хэмжээний судалгаагаа тасралтгүй хийх бүрэн боломжийг олгож буй хэрэг юм.
 
АНУ-ын Тэнгисийн болон Агаарын цэргийн хүчин түүний судалгааг дэмжиж байна
 
Доктор Батмөнхийн Мөнхбаяр нь өдгөө дэлхийн эрчим хүчний салбарт цахиур хуудсыг орлох шинэ үеийн нарны технологи гэгдэж буй перовскит (perovskite) материал болон өндөр мэдрэмжтэй X-ray (Рентген туяаны) мэдрэгч технологийн судалгаануудыг ахлан ажиллаж байна.
Түүний хөгжүүлж буй дэвшилтэт материалын гайхалтай үр дүнгүүд олон улсын анхаарлыг татсаар байгаа бөгөөд түүний багийн зарим стратегийн чухал төслүүдийг Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Тэнгисийн болон Агаарын цэргийн хүчний судалгааны агентлагууд онцгойлон дэмжиж, санхүүжүүлж байгаа аж.
 
Дэлхийн шинжлэх ухааны тэргүүн эгнээнд Монгол хүний уураг тархи, мэдлэг чадварыг тамгалан, өөрийн лабораторийг байгуулан ажиллаж буй доктор Батмөнхийн Мөнхбаярын энэхүү амжилт нь олон улсад ажиллаж буй залуу судлаачдад том урам зориг өгсөн бахархам үйл явдал болж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19