Хойд хөрш Буриад Улсад баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол буурахгүй, нөхцөл байдал хүнд хэвээр байна. Бурприроднадзор (Буриадын байгаль орчныг хамгаалах газар)-т өдөрт баавгай харагдсан тухай 15–20 дуудлага мэдээлэл ирж байгаа аж. Суурьшлын бүсүүдийг баавгайн аюулаас хамгаалахаар 81 анчныг дайчлаад байна.
Иргэдээс ирсэн дуудлага тус бүрийн дагуу улсын ангийн байцаагчид анчдын хамт тухайн газарт очиж, тандалт судалгаа хийж байна. Одоогоор нийт 81 хүний бүрэлдэхүүнтэй анчдын 24 бригад үүрэг гүйцэтгэж байгаа юм.
"Анчдын бригад бүлэг тус бүр дуудлага мэдээллийг газар дээр нь шалгаж байна. Хэрэв хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн бодит аюул тулгарвал тухайн амьтны тоо толгойг зохицуулах (устгах) шийдвэр гаргадаг. Баавгай дахин дахин үзэгдэж буй бүс нутгуудад онцгой анхаарал хандуулж байна" гэж Бурприроднадзорын Ан амьтны бүртгэл, өсгөн үржүүлгийн хэлтсийн дарга Денис Крылов мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлж байсан 331 баавгайг устгаад байна.
Өнгөрсөн хоногт анчдын бригадууд Улаан-Үд хотын захын дүүргүүд болон Бичүүр, Заиграев, Кабанск, Прибайкальск, Закаменск, Сэлэнгэ, Баргузин аймгуудын нутаг дэвсгэрт тандалт хийжээ.
Закаменск аймгийн Халзан хэмээх газар, Сэлэнгэ аймгийн Тохой, Бичүүр аймгийн Ара-Кирет, Прибайкальск аймгийн Горячинск болон Гремячинск тосгоны ойролцоо баавгай орж ирсэн тохиолдлуудад тоо толгойг зохицуулах (устгах) шийдвэр гаргасан байна. Хамгийн олон дуудлага бүртгэгдсэн Кабанск аймагт баавгайн тоо толгойг зохицуулах 11 шийдвэр хэрэгжиж, анчид газар дээр нь ажиллаж байна.
Үүний зэрэгцээ, иргэдийн өгсөн дуудлагын дагуу шалгахад баавгай орж ирсэн гэх баримт үргэлж батлагддаггүй байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд үргэлжилж байна.
Мэргэжилтнүүд иргэдийг ой модоор явахгүй байх, ойн гүн рүү орохоос татгалзахыг хүсэж байна. Зайлшгүй шаардлагаар явах тохиолдолд аюулгүй байдлаа дээд зэргээр хангахыг анхааруулав.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




