Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,000 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,267 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 762 хэрэг шинээр нээж, 378 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 159, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 84, Өмчлөх эрхийн эсрэг 83, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлигын эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг 2, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:
Авлигын хэргийн талаар:
- Ш.А нь нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа “Ж...” ХХК нь Ерөө сумын нутаг дэвсгэрт 268 га ашиглалтын талбайн хилийг хэтрүүлж хөрс хуулалт явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зөрчлийн хэргээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний хариуд тус компанийн хувьцаа эзэмшигч В.Ж, компанийн хууль ёсны төлөөлөгч Р.Г нараас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, В.Ж, Р.Г нарыг хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй гэсэн ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (хахууль өгөх)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Л.Н нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа орлогч Т.С, тамгын газрын дарга Д.Э, нягтлан бодогч Ц.А нартай бүлэглэн 2016 онд хортон мэрэгч устгах 15 сая төгрөгийн санхүүжилтээс 11 сая төгрөгийг нь зориулалтын бусаар зарцуулсан, тариалан эрхлэлтийг дэмжих эргэлтийн сангийн журмыг зөрчиж, өөртөө 3.2 сая төгрөгийн давуу байдал бий болгосон, 2021 онд тариалан эрхлэлтийн үйл ажиллагаа явуулдаггүй, хэрэгжүүлэх төсөлд материал ирүүлээгүй хүний нэр дээр 40 сая төгрөг олгуулсныг өөртөө авч эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ), 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах)
21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Т.Д нь Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.М, үеэл дүү “А...” ХХК-ийн захирал Н.Б, нэгжийн төслийн менежер А.Е нартай бүлэглэн 2024-2025 онуудад эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон.
Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж ашиглан, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийн талаар:
- Б.Т нь 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр орчмоос MDMB-4en-PINACA-H агууламжтай “дроп" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, гэртээ, цүнхэндээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Л.М нь 2025 оны 8 дугаар сарын сүүлээр орон нутгаас өвс гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2.2 кг жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн гэртээ болон биедээ хадгалсан, мөн О.О нь өөрийн биедээ “шавар” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
- Д.М, Г.М нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Турк Улсаас 2026 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэр бүхий иргэнээс хууль бусаар илгээсэн "мөс" гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээн авч, худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Г нь 2026 оны 2-4 дүгээр сард “мөс” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан, энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах) -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.М нь Бүгд Найрамдах Турк Улсаас 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “мөс” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олон улсын агаарын замаар улсын хилээр нэвтрүүлж, улмаар Г.Ц-тэй бүлэглэн 2026 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээр тээвэрлэн, тодорхой байршилд хуваан байршуулж, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
|
Эх сурвалж
| УЕПГ
|
АДМИН







Нийгэм




