Dark Light
Нийгэм | 2026-10-05

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 90,253 МОД ТАРИВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны намрын мод тарих арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, “Нүхэн гарц” төслийн ажлын явц, нийслэлийн 2026 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2027 оны төсвийн төлөвлөлтийн талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 76.5 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд 90,253 мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аравдугаар сарын 2-ны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 90,253 мод тарьжээ. Тодруулбал,

Баянзүрх дүүрэгт намрын мод тарих өдрүүдэд нийт 8.74 га талбайд 28696 ширхэг мод тарина. Тус дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэнд 283 мод тарьсан. Гачууртын зам-1, "УБЗАА Мод үржүүлгийн газар“-т 4000 мод тарьсан. Цагаан давааны хогийн цэгт 88 мянган мод тарьжээ.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 16,340 ширхэг мод тарина. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст 107 мод тарьсан.

Налайх дүүргийн “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 7000, дүүргийн хэмжээнд 10 мянган мод тарина.

Баянгол дүүргийн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 225 албан хаагч 420 ширхэг мод тарьсан. Дүүргийн хэмжээнд 6419 мод тарихаар төлөвлөжээ.

Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”-д 10 байгууллагын 349 албан хаагч 1443 мод тарьсан. Тус дүүргийн Улаанчулуутын хогийн цэгт 5000 ширхэг, Хүй долоон худагт 50 мянган ширхэг мод тарина. 

Чингэлтэй дүүрэгт 10 мянган ширхэг мод тарина. Тухайлбал, тус дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд 5000 ширхэг мод тарьж байна.

Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг дулаанд холболоо

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хэрэгжиж байна. Дулааны гол 18.7 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэсэн. Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын дулаан 100 хувь, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 89.6 хувьтай хангаад байна. Цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80.5 хувь, ус хангамж, ариутгах татуургын салбарын өвөлжилт 90 хувь, нийтийн эзэмшлийн гудамж талбайн халтиргаа гулгаа арилгах давс, бодисын нөөц бүрдүүлэлт 81 хувьтай. Давс, бодис цацагч тусгай зориулалтын 96 машин, 432 зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангалаа.

Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн талбайн болон агуулахын нөөц нийт 52,749 тонныг бүрдүүллээ. Нийслэлд есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 441 борлуулалтын цэгээр 23,107 тонн хатуу түлш борлуулаад байна. 2027-2028 оны халаалтын улиралд нийслэлд 446 борлуулалтын цэгээр сайжруулсан шахмал түлшийг есдүгээр сарын 15-ны өдрөөс, хагас коксон түлшийг арваннэгдүгээр сараас эхлэн борлуулна. Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлж, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл 30,768 тонн хийн түлшийг айл өрхөд борлуулсан байна.

“Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх” сургалтыг дүүрэг, хороодын Засаг дарга нартай хамтран 2024, 2025 оны угаарын хийн өртөлтийн судалгаагаар өндөр эрсдэлтэй 32 хорооны иргэд, хэсгийн ахлагчдыг хамруулан зохион байгуулсан. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, айл өрхийн зуухны хяналт шалгалт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт, шахмал түлшний үйлдвэрлэл, боруулалт, нөөцийн мэдээллийг өдрөөр болон долоо хоногоор нэгтгэж байна.

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 70.1 хувьд хүрлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд барилга байгууламжийн 13 төсөл, арга хэмжээ, их засварын 6 төсөл, арга хэмжээний биелэлт 87 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан. Аравдугаар сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 70.1 буюу хамрагдвал зохих 271,910 иргэнээс 190,591 нь вакцинд хамрагдсан байна. Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд есөн дүүрэгт 757 суурь ор, нэмэлтээр 850 ор дэлгэж, нийт 1607 ороор хүчин чадлаа өргөтгөхөөр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөтэй 2027 оны нийслэлийн төсвийн төслийг уялдуулан боловсруулах,
  2. Авто зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хашлага, хайсны стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, байгууллага хоорондын ажлын уялдааг хангах,
  3. Дүүжин замын тээврийн төслийн ажлыг эрчимжүүлэх,
  4. Автотээврийн шалган бүртгэх товчоодын зураг, төслийг аравдугаар сарын 20-ны өдрийн дотор дуусгаж, ажлын явцыг танилцуулах,
  5. Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа авто замын тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
  6. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг хангах, давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19