Dark Light
Нийгэм | 2026-10-06

ОРОСЫН ТАХАЛ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИД ГАРСАН НУУЦЛАГ ҮХЛИЙГ АНУ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Сибирийн лабораторийн ажилтан нууцлаг байдлаар нас барсны дараа уушгины тахал гарсан байж болзошгүй гэх айдас нэмэгдэж байна. Хүрээлэнгийн дотор 60 гаруй ажилтан тусгаарлагдаад байгаа аж. 

Сибирийн тахал судлалын хүрээлэнгийн 28 настай ажилтан нууцлаг уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсны дараа Оросын эрх баригчид эмнэлгийг хөл хорионд оруулж, олон арван хүнийг эмнэлгийн хяналтад авчээ. Энэ нь түүнийг уушгины тахлаар (pneumonic plague) өвчилсөн байж болзошгүй гэх айдсыг дагуулж байгаа бөгөөд одоогоор албан ёсоор батлагдаагүй байна. 

Нас барсан Дарья Шипилова нь Сибирь болон Алс Дорнодын Эрхүүгийн тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилладаг байжээ. Оросын эрүүл мэндийн байгууллагууд нарийвчилсан шинжилгээ хийхэд түүний өвчин нь хийж байсан ажилтай нь холбоотой эмгэг төрүүлэгчдээс үүдсэн гэх нотолгоо олдоогүй гэж мэдэгдсэн ч албаныхан түүнийг чухам юунаас болж нас барсныг олон нийтэд хараахан мэдээлээгүй байна. 

Уг хэргийн эргэн тойронд авч буй ер бусын өндөр хамгаалалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь Оросын дотор төдийгүй гадна талд янз бүрийн таамаглал төрүүлж эхэллээ. Reuters агентлаг 10 дугаар сарын 5-нд мэдээлснээр, талийгаачтай хавьталд орсон бүх хүнийг тогтоож, эмнэлгийн хяналтад авсан бөгөөд хүрээлэнгийн бусад ажилтнуудын дунд шинэ тохиолдол илрээгүй гэж эрх баригчид мэдэгджээ. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Даваа гарагт хэлэхдээ, АНУ нөхцөл байдлыг "маш анхааралтай ажиглаж, хянаж байна" гээд "Энэ нь сандарч тэвчих шалтгаан биш боловч анхаарлаа хандуулж, сонор сэрэмжтэй байх үндэслэл мөн" гэж нэмж хэлэв. 

Рубиогийн хэлснээр Оросоос гаргасан мэдээллээс үзэхэд "лабораторийн нэг ажилтан халдвар авсан" нь тодорхой байгаа бөгөөд халдвар дотооддоо тархсан байж болзошгүй гэх болгоомжлол байна. Тэрээр АНУ болон Оросын хоорондох зорчигч тээвэр хязгаарлагдмал байгааг тэмдэглэсэн ч "хэрэв ийм зүйл гадагшаа алдагдвал маш хурдан тархдаг" гэдгийг анхааруулав. 

Үүнээс өмнө буюу 10 дугаар сарын 4-нд АНУ-ын Төрийн департаментаас Fox News агентлагт өгсөн мэдэгдэлдээ Вашингтон уг хэргийг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) болон холбооны бусад байгууллагуудтай хамтран хянаж байгаагаа илэрхийлсэн юм. Албаны хүн олон нарийн ширийн зүйл хараахан батлагдаагүй байгааг онцолж, Москваг үнэн зөв мэдээллийг шуурхай өгөхийг уриалжээ. 

"East2West" мэдээллийн агентлагийн Даваа гарагт мэдээлсэн нэмэлт мэдээллээр, Эрхүүгийн хүрээлэнгийн дотор 60 гаруй ажилтан тусгаарлагдсан хэвээр байгаа бөгөөд Шипиловатай хавьталд орсон 200 орчим хүнийг хяналтад авчээ. Эдгээр нарийн тоо баримтыг албан ёсоор батлаагүй байна. Түүнчлэн уг хэрэг гарсны дараа хөрш зэргэлдээ Киргиз, Узбекистан, Казахстан улсууд хилийн эрүүл мэнд, хорио цээрийн хамгаалалтаа чангаруулсан гэж тус агентлаг мэдээлжээ. 

Associated Press агентлагийн мэдээлснээр, Эрхүү хотын захад байрлах, Шипиловагийн хэвтэн эмчлүүлж байсан Шелехов хотын халдвартын эмнэлгийг хөл хорионд оруулж, өвчтөн шинээр авах болон эмнэлгээс гаргахыг түр зогсоосон байна. Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев энэ тохиолдлыг "онцгой аюултай халдвар" байж болзошгүй хэмээн тодорхойлжээ. 

Reuters агентлагийн мэдээлснээр, Оросын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар (Роспотребнадзор)-ын дарга Анна Попова Шипиловаг нас барсны дараа яаралтай хуралдаан хийхээр Эрхүү рүү биечлэн ниссэн нь анхаарал татаж байна. Мөн ойролцоох хөнгөн цагааны үйлдвэр урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчдаа амны хаалт зүүхийг үүрэг болгожээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков олон нийтийг "цуу яриа, таамаглалд" автахгүй, зөвхөн албан ёсны мэдээлэлд найдахыг уриаллаа. 

Ням гарагт Роспотребнадзороос мэдээлэл хийхдээ, Шипиловад "шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа" гэсэн онош тавьсан бөгөөд шинжилгээгээр "өвчтөний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн бичил биетэн илрээгүй" гэжээ. Мөн шалгалтын явцад эмгэг төрүүлэгч бичил биетэн алдагдсан ямар нэгэн лабораторийн осол гаргаагүй болохыг тогтоосон гэв.

Уушгины тахал нь Yersinia pestis бактериар үүсгэгддэг тахлын хамгийн хүнд хэлбэр бөгөөд ойрын хавьтлын үед амьсгалын замын дуслын халдвараар хүнээс хүнд халдварладаг байна. Эрт үед нь эмчилгээг эхлүүлж чадвал антибиотик эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжтой байдаг аж.

Оросын албаны хүмүүс тахлын дэгдэлт гарсан гэх ямар ч нотолгоо байхгүй, тархвар судлалын нөхцөл байдал тогтвортой байна гэж зүтгэсээр байна. Гэвч одоогоор хамгийн гол асуулт хариултгүй хэвээр байна: Шипиловагийн үхэлд хүргэсэн уушгины хатгалгааг яг юу үүсгэсэн бэ, хэрэв ямар нэгэн аюултай эмгэг төрүүлэгч илрээгүй юм бол яагаад эрх баригчид ийм өргөн хүрээтэй хөл хорио, тусгаарлалтын арга хэмжээ авсан бэ гэдэг нь нууцлаг хэвээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19