Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбасайхан, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, компанийн менежментийг оновчтой болгох болон дотоодын вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгөв.
Манай улс шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг малын халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг импортоор авахад сүүлийн таван жилд буюу 2021–2025 онд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс вакцины импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Биокомбинат” ТӨХХК-ийг түшиглэн дотооддоо вакцин үйлдвэрлэх тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
Тухайлбал, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакциныг дотоодод шинээр үйлдвэрлэх, шүлхийн вакциныг холих, савлах технологийг нутагшуулах ажил идэвхтэй өрнөж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг ОХУ, БНХАУ-ын томоохон лабораториудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард багтаан вакцины эхний тунг гаргахаар зорилт тавин ажиллаж байна. Одоогоор туршилтын вакциныг савласан, энэ 10 дугаар сард хээрийн туршилт хийх юм.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уулзалтын үеэр: "Шинэ вакцины тунг гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг цаг хугацаанд нь шахаж, шуурхай зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ ямааны годрон өвчний вакциныг технологийн дагуу чанартай үйлдвэрлэх, компанийн менежментийг зөв голдиролд оруулж, дотоодын вакциныг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн нийлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй" гэдгийг даалгалаа.
"Биокомбинат" ТӨХХК нь анх 1923 онд байгуулагдаж, 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар иж бүрэн цогцолбор үйлдвэр болж шинэчлэгджээ. Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон тус үйлдвэр нь өдгөө 4 алба, 15 цех, 198 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Биокомбинат ТӨХХК мал амьтны вакцин, оношлуур зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд нэг жилд 135 мянган литр шингэн вакцин, 31 сая тун хуурайшуулсан вакцин үйлдвэрлэж байна.
АДМИН








Нийгэм




