Dark Light
Нийгэм | 2026-10-07

АНХНЫ АМЬТАД 800 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ ҮҮССЭНИЙГ БАТЛАХ ХОВОР ОЛДВОР МОНГОЛООС ОЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Дэлхий дээрх хамгийн анхны амьтад урьд өмнө нь эрдэмтдийн таамаглаж байснаас даруй 200 сая жилийн өмнө буюу 800 сая жилийн тэртээ үүссэн байж магадгүй гэсэн шинэ нээлтийг Оксфордын их сургуулийн дэд профессор Росс Андерсоноор ахлуулсан судалгааны баг хийжээ.

Хүн төрөлхтөн урьд нь анхны амьтдыг ойролцоогоор 590 сая жилийн өмнө Эдиакарын үед үүссэн гэж үздэг байсан бөгөөд үүний гол баримт нь Хятадын Вэньань гэх газраас олдсон бичил биетний маш тод чулуужсан олдворууд байсан юм. Хятадын уг олдвороос ямар нэгэн амьтны мөр, үлдэгдэл олдоогүй тул эрдэмтэд тэр цаг үед амьтан хараахан үүсээгүй байж гэж дүгнэдэг байв. Харин судалгааны баг Монгол Улсын Хэвсэн гэх газраас бичил биетний чулуужсан олдворуудыг шинээр олж илрүүлсэн нь энэхүү хуучин онолыг няцаахад хүргэсэн байна. Монголоос олдсон олдвор нь Хятадынхаас 40 сая жилээр залуу буюу амьтад аль хэдийн үүсээд амьдарч байсан нь батлагдсан тэр үеийнх боловч гайхалтай нь эндээс бас л ямар ч амьтны чулуужсан үлдэгдэл олдоогүй байна. Үүнээс эрдэмтэд бичил биетүүд маш сайн хадгалагдаж үлдсэн ч гэсэн тухайн орчинд амьтны олдвор олдохгүй байж болдог юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд Хятадын олдвороос амьтан олдоогүй нь тухайн үед дэлхий дээр амьтан байхгүй байсан гэсэн үг биш, зүгээр л амьтангүй өөр орчин байсныг илтгэж байгаа ажээ.

Үүнийг орчин үеийн генетикийн судалгаа буюу ДНХ-ийн хувьслын цаг хугацааг хөөх арга давхар баталж байгаа бөгөөд амьд организмууд бүр 800-700 сая жилийн өмнө үүссэн байх өндөр магадлалтайг харуулж байна. Хэрэв амьтад үнэхээр 800 сая жилийн өмнө үүссэн бол тэд дэлхий даяар бүхэлдээ мөсөөр хучигдсан байсан, шинжлэх ухаанд Цасан бөмбөрцөг дэлхий гэж нэрлэдэг тэрхүү хүнд хэцүү, хүйтэн цаг үеийг даван туулж амьдарч байсан болж таарч байгаа бөгөөд уг судалгааны бүтээл нэр хүндтэй Science Advances сэтгүүлд нийтлэгджээ.

Оксфордын их сургуулийн судалгааны багийн Хэвсэн биота (Kheseen Biota) хэмээх бичил биетний ховор олдворыг илрүүлсэн газар бол Монгол Улсын хойд бүс нутаг буюу Хөвсгөл нуурын баруун эрэг, Хорьдол Сарьдагийн нурууны зүүн хэсэг юм.

Геологийн шинжлэх ухаанд энэхүү чулуужсан хурдас бүхий давхаргыг "Хөвсгөлийн бүлэг хурдас" (Khuvsgul Group) доторх "Хэвсэнгийн формаци" (Kheseen Formation) гэж нэрлэдэг бөгөөд Мөрөн хотын орчмын нутаг дэвсгэрийг ч мөн хамардаг байна. Энэхүү бүс нутаг нь дэлхийн хамгийн том фосфоритын (фосфорын хүдрийн) ордуудын нэгд тооцогддог бөгөөд эртний бичил биетүүд яг л Хятадын алдартай Вэньань олдвор шиг фосфорын нөлөөгөөр маш нарийн, эсийн түвшинд чулуужин хадгалагдаж үлдсэн нь шинжлэх ухааны хосгүй нээлт хийх боломжийг олгожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10