Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд 413 мянга гаруй ахмад настны дансанд суурь тэтгэврийн нэмэгдэл бодитоор орж эхэллээ.
Энэхүү шинэчлэл нь Монгол Улс анх удаа гурван давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж буй түүхэн үйл явдал бөгөөд уг суурь тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс нэмэлт орлого болгон шууд олгож байгаагаараа онцлог юм.
Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Баянзүрх дүүргийн Ахмадын төвд ажиллаж, ахмадуудтай уулзах үеэрээ: "Миний бие тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийг 2019 оноос хойш санаачлан ярьж явсан. Ерөнхий сайдаар томилогдоод эхний 100 хоногийн хугацаанд гурван тулгуурт тэтгэврийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлж, холбоотой багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдөр энэ шинэчлэлийн эхний үр дүн ахмадуудын маань дансанд бодит нэмэгдэл орлого болж орлоо" хэмээн онцлон тэмдэглэв.
Суурь тэтгэврийн нэмэгдлийг тооцох журам:
Засгийн газрын тогтоолоор баталсан Суурь тэтгэврийг тооцохдоо ахмадуудын шимтгэл төлж ажилласан жилээс хамааруулан 100,000-аас 300,000 төгрөг хүртэлх нэмэгдлийг олгож байна. Үүнд:
-
Суурь тэтгэврийн үндсэн дүн — 100,000 төгрөг
-
Тогтмол дүн — 40,000 төгрөг
-
Шимтгэл төлсөн жил тутамд — 5,000 төгрөг нэмж тооцно.
Энэхүү зохицуулалт нь бага тэтгэвэртэй болон олон жил ажиллаж шимтгэл төлсөн ахмадуудад илүү өндөр үр ашиг өгөх, тэтгэврийн зөрүүг арилгах зорилготой бөгөөд ахмадуудын худалдан авах чадварыг хамгаалахад бодит дэмжлэг болж байна.
ТАТАР МАЙДАР




Нийгэм




