Dark Light
Нийгэм | 2025-01-13

Б.АМАРСАНАА: ХҮН ӨӨРӨӨ БУСДЫН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ ЁСТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор профессор Б.Амарсанаатай ярилцлаа. 

-Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой тохиож байна. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ монголчууд эдэлж чадаж байна уу?

-1992 онд ардчилсан Үндсэн хуулийг Ардын их хурлын депутатууд баталсан түүхтэй. Энэхүү Үндсэн хуулийг алган дээр багтсан Монгол Улс гэж Б.Чимид багш хэлж байсан. Тэгэхээр үүнээс урган гарсан үзэл санаа, одоогийн хуулийн тогтолцоо, өнөөдрийн бидний амьдарч байгаа орчин нөхцөл Үндсэн хуулиас үндэс суурьтай гэж үзэж болно. Үндсэн хуулийн 16 дугаар зүйл дээр Хүний эрхийн жагсаалтыг бичсэн байдаг. Түүнд Хүний эрхий түгээмэл тунхаглалд дурдсан бүх эрхүүд орсон. Хэрэгжээд явж байгаа эрхүүд бий. Бүр давуулан хэрэгжиж байгаа өөрөөр хэлбэл, хэтрүүлэн эдэлж байгаа эрх ч бий. Одоогоор хангагдахгүй байгаа эрхүүд ч байна. Жишээлбэл, Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх. Улаанбаатар хот, суурин газраар аваад үзвэл бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх үнэхээр асуудалтай байна гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн. Нөгөө талаас улс төрийн зарим эрхүүд хангалттай хэрэгжээд явж байна. Сонгуульд нэр дэвших эрхтэй гэх жишээг хэлж болно. 

-Үндсэн хуулийн хамгийн гол заалт болох амьд явах эрх өнөөдөр манай улсад хангагдаж байна уу?

-Үндсэн хуулийн 19 дүгээр заасан байгаа. Хүн өөрөө эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Үндэсний аюулгүй байдал (ҮАБ), бусад хүний эрх чөлөөг хохироож болохгүй. Нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан. Хүний эрхийг хэрэгжилтийнх нь байдлаар хоёр хувааж болох юм уу гэж бодож байгаа. Нэгдүгээрт, хүн өөрөө бусдын эрхийг хүндэтгэх ёстой. Тэгснээр өөрийнх нь ч эрх хангагдана. Хоёрдугаарт, бусад инстуцээс шаардах эрхтэй. Сонгох, сонгогдох эрхүүд байна. Монголд тодорхой хэмжээнд энэхүү хуулиуд хэрэгжээд явж байна. 

-Ардчилсан засаглалтай олон улсад Үндсэн хууль нь хэрхэн хэрэгждэг вэ. Манайх тэдэнтэй харьцуулахад ямар түвшинд явдаг вэ?

-Үндсэн хууль бусад хуулиудаар амилж явдаг. Хуулиудад ямар стандартаар, ямар хуулиудыг бий болгож байна түүнээс хамаарч Үндсэн хууль нэр хүндтэй байх уу, ямар байх вэ гэдэг зүйл яригдана. Гэхдээ Үндсэн хууль нь сайн зөв байгаа боловч бусад хуулиуд нь оновчгүй, эдийн засгийн тооцоололгүй, хэрэгжих боломжгүй гэх ч юм уу иймэрхүү байдлаар баталсан үед Үндсэн хуулийг буруутгах аргагүй. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нь хамгийн сүүлд хэрэгжүүлэх арга зам л байх ёстой. Сайн биелэгдсэн хуулийн нэг жишээ хэлэхэд Тамхины тухай хууль. Тамхины тухай хууль хэрэгжихээс өмнө хүмүүс хаа сайгүй тамхи татдаг байсан. Хоолны газар, автобусанд гээд хаа сайгүй. Гэтэл энэхүү хууль батлагдсанаас хойш хаа хамаагүй хүмүүс тамхи татахаа больсон. Энэ өөрөө хэрэгжсэн хууль. Их сайн хууль болсон. Өөрөө хэрэгжсэн хууль хамгийн сайн хууль байдаг. Эдийн засаг шаардахгүйгээр өөрөө хэрэгждэг. 

-Амьд явах эрх, Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй эдийн засгийн эрх чөлөө хэрхэн холбогдох вэ?

-Үндсэн хуулийн нэг заалт бий. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлнэ гээд. Баталгааг нь бүрдүүлнэ гэж байгаа. Түүнээс төрөөс шаардах, бусдаас шаардах ёсгүй. Бусдаас шаардаад ирэхээр тэр этгээдүүдээс хараат болно. Төрийн зохицуулалт, бүртгэлжүүлэлт аль болох бага байвал бизнес хийх, эдийн засгийн үйл ажиллагаа явуулах орчин нь чөлөөтэй байна. Өнөөдөр миний харж байгаагаар төрийн зохицуулалт хэт их байна уу гэж харж байгаа. Төрийн зохицуулалт хэт ихдээд ирэхээр зохицуулалтын торон дотор бизнес хөдлөх боломжгүй болно. Бизнес хийх хэцүү шүү дээ. Өр зээл, байнгын зах зээлээ мэдрэх энэ олон зүйлүүд дээр хууль гэдэг формат хэт их болоод ирэхээр тэр нь нэрмээс болдог. Тэгэхээр манайд эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд төрийн зохицуулалт хэт ихдээд байна. Жишээ нь, Цөмийн энергитэй холбоотой гэрээ хэлэлцээр явж байна. Тодорхой улс орны эрх ашигт хэрэгтэй, нийтийн ашиг сонирхолд чухал, нийтэд таатай гэрээ хэлэлцээр хийх болоход дагаад хуулиа өөрчлөхөөс аргагүй болдог. Энэ нь хуулийг хэт нарийвчилсан байна гэсэн үг. Хэт нарийвчлангуут бизнесийн хэлэлцээ хийх орон зай нь багасаж байна. Өөрөөр хэлбэл, бизнес хийх эрх чөлөөнд тодорхой хэмжээний хязгаарлалтууд тогтож байна гэсэн үг. Хуулиар хэтэрхий нарийвчилж зохицуулаад байгаа регулэйшн ихдээд байгаа. Хуулиар бид эрх зүйн зохицуулалтаа энгийн болгох шаардлагатай. Ингэснээр Үндсэн хуульд заасан аж ахуй эрхлэх эрх нь Монгол Улсыг хөгжүүлэх тулгууруудын нэг болох юм аа гэж хэлмээр байна. 

С.ОТГОНБАЯР 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18