Dark Light
Нийгэм | 2025-06-05

МАН КАПИТАЛИСТ, АН КОММУНИСТ БОЛООД БАЙНА УУ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрх баригчдад хяналт тавьдаг сөрөг хүчин байгаарай гэсэн ард түмний итгэлийг эвдэж, МАН-ын магнаг торгон хөнжилд толгой шургуулаад, 10 сар хэвтээд биеэ үнэлэгч шиг хөөгдсөн нь АН-ын ариун журамт явдал мөн үү? Олны өмнөөс зодолдоорой гээд явуулж байхад очоод озолдсон нь шударга үнэн хэрэг үү?

Хууль ёсны хяналт тавь гэснээс биш хууль бус хяналтын менежерүүд болж хувир гэж ард түмэн шийдээгүй. Сонгогчид Та нарыг 8 жил лааз өшиглөлөө, өлслөө хөөрхий, өөр намын засагт ажилд ордог юм шүү гээгүй байхад МАН, ХҮН, АН гурван намын босгосон элсэн МАНХАН чинь нурлаа.

Ард түмний итгэлийг 10 сарын түрээсийн түр орлонгийн албан тушаалын ашиг хонжоогоор арилжин зарсан АН өөрсдөдөө ч итгэж найдах, эрх чөлөөгөө эдлэх тамир тэнхээгүй болсноо өдөр шөнөгүй харуулж байна.

Ерөнхий сайдад итгэх эсэхээс илүү өөрсдөдөө итгэж чадахгүй учраас санал хураалтад оролцохгүй, өөрсдийгөө өрөөнд хашлаа.

УИХ-ын гишүүний хараат бусаар саналаа өгөх эрхээ хайрцаглаж багцлаад, хамт олонч сельфи хийсэн нь капитализмын үе коммунист хандлагын яруу тод илрэл юм.

Ардчилсан нам ардчилсан байхаа болиод удсан нь ард түмний элч байх УИХ-ын гишүүнийхээ эрхэнд өөрөө өөрсдөө халдсан энэ бүлэг үйлдлээр юм ойлгодог хүн бүхэнд ил харагдаж байна. Ангиараа үйлдвэрт ажиллана гэдэг шиг эрх чөлөөт саналыг үл хүндэтгэх нь ардчилал биш, ангит нийгмийн үлдэц юм. Л.Оюун-Эрдэнэд итгэсэн ч итгээгүй ч, өөрийн бодол өөртөө зөв байх нь өөрөө дотоод ардчилал. Гаднаа гяланцаг ардчилалтай байснаас дотоодоо паланцаг ардчилалтай байх нь хавь илүү шударга. Харин хамтарна гэвэл бид 42 байгаа шүү гэсэн их эмч мэргэжилтэй ч уул уурхай хариуцсан Ц.Тувааны үг “Ажил хайж байна” зарлал шиг сонсогдсон. Ахиад яс өгвөл үнэт зүйл, сонголтын үр дүнг хаяад сүүлээ шарвагануулаад гүйгээд очиж мэдэх бэлэн борын үг үү?

МАН-ын АН дахь БЭТ Б.Одбаярын үг ч хайр сэтгэлгүйгээр хамтран амьдрахад хэзээд бэлнийх нь илрэл үү? Ард түмний сонголтыг нэг удаа мурьсан ч юм чинь хоёр дахиа ч хулхидна аа гэсэн ил далд мессеж үү?

Эцсийн дүнд АН сөрөг хүчин байх хүслээр биш өөрсдийн дотоод зөрчлөө давахгүй, Л.Гантөмөр нь өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарыг урвагч гэж хэлж нэг үзээд, амыг нь барих гэрээ хийгээгүй гэж бултаад байснаас нэвт шувт харагдана.

“Надад нэг санал байна” гэдэг хүн бүрийн өөр өөрийн үзэл бодолтой байх эрхийг уриа лоозон болгож явсан ардчилагчид бүгд яг адилхан саналтай байх хамт олонч суртал ухуулагчид болж мутацлагдлаа.

Нэг шөнө зүүний үзлээ баруунаар сольж, зүг чигээ мэдэхээ больсон ХҮН бүр Б.Найдалаа гэдэг найдлагагүйг гэсгээн нанчдаг гэсгүйтэй, хурал номын дэг сахиулж бэрээ барьсан лам шиг, авгай нартай зодуулдаг арчаагүй хэдийнхээ атаман нь бололтой юм. БШУ-ны сайд П.Наранбаярыг зовхийг нь язартал зодсон Б.Найдалаа нь өөрийн саналтай байх гэлээ Б.Мөнхсоёл гэдэг эмэгтэйг ширээ алгадан сүрдүүлж дөвчигнөдөг юм байна. ХҮН-ынхан даргынх нь хэлснээр эхнэрүүддээ зодуулдаг ч Б.Найдалаа гэдэг хүн нь Б.Мөнхсоёл хүний эхнэрийг айлгаад, ХҮН тар надад хамгаалалт хэрэгтэй гэсэн эмэгтэй хүн эргээд ХҮН-ынхаа хамгаалалт орсон хүний нэгээр үлдэж байгаа юм байна. Муу нэртэй, луу данстай МАН-ын 68 гишүүн даргадаа итгэх эсэхээ хаа очиж, өөр өөрсдийн санал хураалтаар шийдлээ.

МАН капиталист, АН коммунист, ХҮН хүн биш болохыг харах гайхамшиг, гутамшиг үргэлжлэх амьдрал баян. Ярсхийтэл гараа өргөдөг байсан МАН-ын соёл мартагдаж, АН зарсхийтэл сельфийддэг нам болохыг үзлээ.

Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00