Dark Light
Улс төр | 2026-09-30

ЧИНГИС ХААН ОУНБ-ЫН ХҮЧИН ЧАДАЛ 3 ДАХИН НЭМЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Ерөнхийлөгч Танака Акихико нар 2026 оны  есдүгээр сарын 29-нд гарын үсэг зурлаа.

Тус төслийг ЖАЙКА-ын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй байна. Энэ нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөгжлийн санхүүжилт болж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төслийг анх Япон Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж, 2021 онд ашиглалтад оруулсан. Тус төсөл нь Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт юм.

Гэвч сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсон хүчин чадлаас давж, цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа тул хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх шаардлага бий болсон. Төслийн хүрээнд зорчигч терминалын барилга, ачаа терминалын барилга болон холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжийг өргөтгөн шинэчлэнэ. Ингэснээр жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм. Өсөн нэмэгдэж буй зорчигч, ачаа тээврийн эрэлтийг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсын эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой юм.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19