Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Беларусь улсын нийслэл Минск хот маш өндөр сэтгэгдэл үлдээсэн байна. Тэрбээр энэ тухайгаа Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой албан бус орчинд уулзах үеэрээ мэдэгдсэнийг БЕЛТА агентлагийн сурвалжлагч дамжууллаа.
"Бид бусад орнуудад төрийн янз бүрийн айлчлал хийдэг ч Беларусь улсад зочилж, Минск хоттой танилцах нь огт өөр ертөнц шиг санагдлаа. Учир нь бусад нийслэл хотуудаас ялгаатай нь энэ хот надад газар дээрх диваажин шиг санагдаж байна. Орон нутгийн цаг агаар, байгаль үнэхээр гайхалтай юм. Надад танай улс, түүний дотор нийслэл Минск хот болон дэд бүтэц нь маш их таалагдлаа" хэмээн Монголын удирдагч хэлэв.
Ухнаагийн Хүрэлсүх энэ нь түүний Беларусь улсад хийж буй анхны айлчлал болохыг тэмдэглэв. "Би үзэсгэлэнт Беларусь улсын нийслэл, гайхалтай Минск хоттой аль хэдийн танилцаад амжлаа" гэж тэрбээр хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ням гарагт буюу 10 дугаар сарын 25-ны өдөр Эх орны их дайны түүхийн музейд зочилж, мөн Беларусийн Онцгой байдлын яамны Амьдралын аюулгүй байдлын боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцсанаа хуваалцав.
"Миний сэтгэлд төрсөн хамгийн эхний зүйл бол таны ухаалаг, алсын хараатай удирдлага дор Бүгд Найрамдах Беларусь Улс маш өндөр түвшинд хөгжсөнд бахархах сэтгэл байлаа. Цэлгэр уудам нутаг, байгаль, цаг агаартай нийслэл Минск хот надад маш сайхан сэтгэгдэл үлдээлээ" гэж Ухнаагийн Хүрэлсүх хэлэв.
Беларусь улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хоёр гурван тодорхой төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналыг дэмжлээ: "Би энэхүү саналыг бүрэн зөвшөөрч, бүрэн дэмжиж байна".
Ухнаагийн Хүрэлсүх Александр Лукашенког 2024 онд Монгол Улсад айлчилж байсныг эргэн дурсав. Одоо Монголын удирдагч хариу айлчлал хийж байна. "Энэ нь бидний сэтгэл зүрх, бодол санаанд ирээдүйд үр дүнтэй хамтран ажиллах эрмэлзэл байгаагийн тод илрэл юм" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.
ТАТАР МАЙДАР






Улс төр



