Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны Нислэгийн стандартын албаны Гүйцэтгэх захирал Хью Томастай уулзлаа. Уулзалтаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсыг олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны техникийн урьдчилсан үнэлгээнд 2027 оны дөрөвдүгээр улиралд хамруулах асуудлыг FAA-ны үнэлгээний хуваарьт тусгах хүсэлтийг тавив.
Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаа юм. Энэ хүрээнд иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог олон улсын стандарт, шаардлагад нийцүүлж, FAA-ны Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээ (IASA)-ний I ангилалд (Category 1) хүргэхийг зорьж байна.
Монгол Улс I ангилалд хүрэх нь хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болох бөгөөд иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтыг урт хугацаанд бэхжүүлэх ач холбогдолтой. Монгол Улс 2024 оноос АНУ-ын “Викс групп”-тэй хамтран иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоонд суурь үнэлгээ хийж, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд үүний дагуу АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн 2.2 сая ам.долларын буцалтгүй тусламж болон “Викс групп”-ийн 390 мянган ам.долларын санхүүжилтээр техникийн туслалцааны төслийг 2026 оны тавдугаар сараас 18 сарын хугацаатай хэрэгжүүлж байна. Уулзалтын үеэр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батбаяр нисэхийн аюулгүй байдлын хяналт, хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ.
АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-тай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-ийн Энэтхэг-Номхон далайн бүс хариуцсан захирал Веринда Файктай Вашингтон хотноо уулзаж, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явц болон зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
2023 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн хүрээнд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажил үргэлжилж буйг тэмдэглээд, сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) болон Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-тай хийсэн уулзалтуудынхаа талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр 2027 оны дөрөвдүгээр улиралд FAA-ны техникийн үнэлгээнд хамрагдаж, шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангасны үндсэн дээр 2028 онд шууд нислэг эхлүүлэх зорилттой байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн шууд нислэгтэй болох нь хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлж, хоёр орны иргэд, бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн USTDA-ийн дэмжлэгтэй олон чухал төсөл Монголын зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаад талархал илэрхийлээд, цаашид төмөр зам болон далайн тээврийн салбарт энэхүү хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Өөрийн зүгээс Веринда Файк тус агентлаг Монголын иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоонд үнэлгээ хийж, дүрэм журам, стандарт, эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж боловсруулж байгаа бөгөөд уг төсөлд аюулгүй ажиллагааны байцаагчдыг сургаж мэргэшүүлэх ажил багтаж байгааг дурдав. Тэрбээр Монгол Улсад хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүд болон бэлтгэл ажлыг цаашид ч дэмжихээ батлаад, уулзалтаар хөндөгдсөн төмөр зам, далайн тээврийн салбарт техникийн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж, холбогдох албан ёсны байгууллагуудтай холбож өгөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг



