Глобаль сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан "Fujifilm" брэндийн 15 ширхэг зөөврийн цахим рентген аппаратыг 12 аймаг, гурван эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Энэхүү санаачилгын хүрээнд "СИ-АЙ-ТИ" (CIT) ХХК-иас хүлээн авагч байгууллагуудын эмч, рентген техникч, инженерүүдэд зориулсан цогц сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар "Fujifilm" рентген төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, ажиллуулах арга барилаас гадна "Quiri.ai" хиймэл оюун ухааны систем болон дагалдах программ хангамжийг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгсөн байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр уг тоног төхөөрөмжүүдийг Баянхонгор, Архангай, Дорнод, Дорноговь, Завхан, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хуваарилжээ. Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хил хамгаалах ерөнхий газрын эмнэлэгт тус тус олгосон байна.
Зөөврийн шинж чанартай энэхүү төхөөрөмж нь эрүүл мэндийн ажилтнуудад газар дээр нь рентген шинжилгээ хийх боломжийг олгож, алслагдсан бүс нутаг болон эмзэг бүлгийн хүн амд оношилгооны үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох ач холбогдолтой юм.
Тухайлбал, "Quiri.ai" хиймэл оюун ухааны систем нь цээжний рентген зурагт богино хугацаанд дүн шинжилгээ хийж, сүрьеэ болон уушгины бусад эмгэгтэй холбоотой байж болзошгүй өөрчлөлтүүдийг илрүүлэн эмч нарт эмнэлзүйн шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх аж. Энэхүү ажил нь өвчнийг эрт үед нь илрүүлэх хүчин чармайлтыг бэхжүүлж, оношилгооны саатлыг бууруулан, эмнэлгийн тусламж авахад бэрхшээлтэй тулгардаг иргэдэд эрүүл мэндийн нэн шаардлагатай үйлчилгээг хүргэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд



