ЕВРОПЫН НИСЛЭГҮҮДЭД БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ СҮРДҮҮЛЭГ ДАХИН ИРЭВ
Европын агаарын тээврийн компаниуд өнөөдөр онгоцонд бөмбөг дэлбэлэх тухай сүрдүүлгийн хоёр дахь давлагаатай нүүр туллаа. Энэхүү сүрдүүлэг нь хямд өртөгтэй тээвэрлэгч "Wizz Air"-аас эхлээд Финландын үндэсний агаарын тээвэрлэгч "Finnair" зэрэг олон компанийг хамарч, бүс нутгийн агаарын харилцаанд ноцтой эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тухайлбал, Дублинаас Ром чиглэлд нисэж явсан "Aer Lingus" компанийн EI402 дугаартай нислэг сүрдүүлгийн улмаас Францын хойд хэсэгт орших цэргийн нисэх буудалд яаралтай газардахад хүрчээ. Мөн "Finnair" компанийн Хельсинки хотоос Ром болон Вена чиглэлд хөөрсөн хоёр нислэгт ижил төрлийн сүрдүүлэг ирсэн ч шалгалтаар хуурамч болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн Польшийн "LOT" болон энэ долоо хоногийн эхээр хэд хэдэн удаа ийм мэдээлэл хүлээн аваад байсан "Wizz Air" компаниуд дахин халдлагын бай болжээ. Чехийн цагдаагийн газраас Прага хотыг чиглэн нисэж байсан дөрвөн онгоцонд бөмбөг тавьсан гэх мэдээлэл ирснийг баталсан бол Австрийн Вена хотын төв нисэх онгоцны буудалд мөн түгшүүрийн дохио хүргүүлсэн байна.
Зохион байгуулалттай ажиллагаа юу?
Европын тэнгэрт өдөрт дунджаар 30,000 гаруй нислэг үйлдэгддэг бөгөөд энэ долоо хоногт бүртгэгдсэн сүрдүүлгүүдэд тодорхой нэг авиакомпани эсвэл чиглэлийг онцолсон ямар нэгэн зүй тогтол ажиглагдахгүй байгаа аж.
Аюулгүй байдлын шинжээчид долоо хоногийн эхээр гарсан эдгээр хэрэг явдлын дараа ойрын өдрүүдэд ийм төрлийн сүрдүүлэг дахин давтагдах өндөр магадлалтайг анхааруулж байв. Тэдний үзэж буйгаар, энэ нь зорчигчдод хүндрэл учруулах, бүс нутгийн агаарын тээврийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилготой зохион байгуулалттай ажиллагаа байж болзошгүй юм.
Агаарын тээврийн аюулгүй байдлын "Osprey Flight Solutions" компанийн тэргүүн Мэтт Бори энэ талаар "Сүрдүүлгийн давтамж нь ганц нэг дуурайгчдын үйлдэл гэхээсээ илүүтэй тодорхой нэг этгээд эсвэл бүлэглэлийн явуулж буй кампанит ажилтай холбоотой болохыг харуулж байна. Тодорхой нэг улс, авиакомпани эсвэл чиглэлийг сонгоогүй байгаа нь агаарын тээврийн салбарын ажлыг бүхэлд нь саатуулах зорилготойг илтгэнэ" хэмээн дүгнэжээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад



