Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шуурхай штабыг байгуулан ажиллаж эхэллээ.
Шуурхай штаб 24 цагаар жижүүрлэн ажиллана. Мөн улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбоотой мэргэжлийн анги, албад хэрхэн ажиллах төлөвлөгөөг батлан холбогдох албадад хүргүүлсэн байна. Түүнчлэн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шашин сүм хийдийн үйл ажиллагааг хориглосны зэрэгцээ ресторан хоолны газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 22:00 цаг хүртэл ажиллахаар шийдвэрлэв.
Өмнөговьчуудын төдийгүй улсын хэмжээнд анхаарал татаж байгаа асуудал бол Гашуун сухайт боомтоор Оюутолгой компаний баяжмалын тээвэр хийгдэж байгаа явдал юм. Аймгийн онцгой комиссоос Гашуун сухайт хилийг бүр хаах хүсэлтийг улсын онцгой комисст явуулсан боловч хоёр улсын хамтын ажиллагаа, хоёр улсын ЗГ-ын шийдвэр тул зогсоох боломжгүй гэж үзэн одоогоор баяжмалын тээвэрлэлт хийгдэж байгаа. Нөхцөл байдал ийм болсон ч аймгийн Онцгой комиссоос Оюутолгой компанид баяжмалын тээвэрлэлтээ ядаж тусгай горимд шилжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Бас нэг анхаарал татсан асуудал бол Гашуун сухайт боомтоор нэвтэрч орж ирсэн 27 иргэний тусгаарлалт юм. Тэдний 12-с сорьц авч шинжлүүлсэн ба шинжилгээний хариу СӨРӨГ буюу халдваргүй гэж гарсан. Гэсэн ч тэдгээр иргэдийг 14 хоног карентилж байгаа аж. Түүнчлэн хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор хот хоорондын автозам буюу Даланзадгад Улаанбаатар чиглэлийн замын Цогт-Овоо сумын пост, Даланзадгад сум дахь Говь гурван сайхан нисэх буудлаар зорчигдын биеийн халууныг хэмжих ажлыг зохион байгуулахаар болжээ.