Өчигдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг авилгатай тэмцэх газарт шалгуулахаар хандлаа. Тодруулбал Ц.Гарамжав гишүүний эзэмшлийн Монполимет ХХК нь улсад их хэмжээний хохирол учруулсан, Монголбанкнаас ашиг сонирхолын зөрчилтэй зүйл хийсэн гэх үндэслэлээр шалгуулахаар өнөөдөр хандсан байна.
Монгол банк нь Монполимет ХХК-тай Арилжааны ерөнхий гэрээнүүдийг 2003 оны 2-р сарын 28, 2005 оны 1-р сарын 01, 2006 оны 1-р сарын 1ны өдрүүдэд тус тус байгуулсан байна. Монголбанкны ерөнхийлөгчийн 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 172 тоот тушаалаар алт олборлогч компаниудтай хийж байсан арилжааг зогсоож 2006 оны 12-р сарын 31-ний өдөр Монполимет ХХК-тай тооцоо нийлж, Монгол банк нь монполимет ХХК-иас 882,768 төгрөг, 4,256,689 ам долларын авлага үүссэн байна. Монгол банк нь Монполимет ХХК-нд дээрх төлбөрийг урт хугацаанд төлөх боломж олгож 2008 оны 9-р сарын 17-ны өдөр 0108/81 дугаартай төлбөр төлөх гэрээг байгуулсан байна.
Монполимет ХХК нь 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөгийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй учир Монгол банк Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэтэл тус компаниас шүүхэд өгсөн хариу тайлбартаа иргэний хэргийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75,2,1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил өнгөрсөн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хариу тайлбар гаргасан байна.
Уг шийдвэрт Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтнуд давж заалдах гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Монполимет ХХК-ний 10 тэрбум 615 сая 924 мянга 551 төгрөгийг Монгол банкинд төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн байна.