Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.12.25/-ийн хуралдаанаар "Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 131 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар тогтоолтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлын талаар хэлэлцэв.
"Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 131 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Зулпхар, Б.Энхбаяр нар ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авлаа. Уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар тогтоолтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн боловч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.