ГЭР БҮЛЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД ДАРААХ СУРГААЛЫГ ДАГАЖ ЯВАХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ
1. Бүү үглэж янш. Үглээ яншаа зан, хэдэр, хэрүүлч ааш чамайг үнэ хүндгүй болгож хайр сэтгэлийг ч мөхөөж чадах аюултай. Эелдэг харьцаа эрхэм чухал
2. Бусдын санаа сэтгэлд таарч тохирч сур. Бусдыг өөртөө таарч тохируулах гэж оролдсоноос бусдад өөрийгөө таарч тохируулах нь хамаагүй амар гэдгийг санаж яв
3. Утга учиргүй бүү шүүмжил. Биенээсээ өө хайгаад байвал өөдтэй амьдарч чадахгүй. Ялангуяа хөндлөнгийн хүний дэргэд биенээ бүү шүүмжил
4. Ханиараа бахархаж бай. Хань ижлийнхээ сайн талыг чин сэтгэлээсээ биширч, бахархаж явах нь өөрөөрөө бахархсантай яг адил, учир нь чиний хань чиний л сонголт. Иймд ханиа магтан сайшаах, түүгээр бахархах бололцоо бүрийг ашиглаж бай.
5. Хань ижилээ халамжилахыг бүү март. Халамж гэдэг бол үйл хөдлөлөөс гадна халамж шингэсэн урам өгсөн сайхан үг бас чухал шүү
6. Гэрсэг бай. Чөлөөт цагаа аль болох гэртээ өнгөрүүлэх нь гэр бүлийн дулаан уур амьсгалд маш чухал. Ингэхийн тулд гэр орноо ая тохьтой байлгахыг хичээх
7. Утга учиргүй бүү хард. “Хайртай бол хартай” гэсэн хэлц үг байдаг боловч утга учиргүй үнэн санаанаасаа хардах нь маш аюултай ба тэр нь даамжраад өвчин болдог талтайг анхаарч яв.
8. Сонирхолоо нийцүүл. Ханийхаа сонирхолд өөрийгөө нийцүүлж сурах нь гэр бүлийн эвсэг уур амьсгалд маш чухал
9. Хадмуудтайгаа эвтэй бай. Хадмуудаа дахин хүмүүжүүлж чадахгүйгээс хойш аяийг нь дагах нь зөв. Аяыг дагаж чадахгүй бол холхон байсан нь дээр
10. Буулт хийж сур. Санал зөрөлдөөнтөй үед ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд буулт хийж чаддаг байх, уучлалт гуйж чаддаг байх.
11. Сэтгэлээ тайван байлга. Жаргал, зовлонгийн хэмжүүр бол хань ижил, үр хүүхэд, эд хөрөнгө, албан тушаал, эрх мэдэл биш зөвхөн сэтгэлийн тайван байдал юм. Хүн хэдий чинээ сэтгэл тайван байна. төдий чинээ жаргалыг мэдэрдэг. Иймд ханийхаа сэтгэлийг тайван байлгах талаар онцгой анхаарч сур.
12. Өнөөдрөөрөө амьдарч сур. Өнгөрсөн амьдрал бол зөвхөн сургамж Өнгөрсөн амьдралдаа хэт их харамсах, өөрийгөө болон бусдыг хараан зэмлэх, бусдад өширхөх, хэн нэгэнтэй тооцоо бодохыг эрмэлзэх зэргээр өнөөдрийн амьдралдаа нэмэлт ачаа өгч болохгүй. Ирээдүйн амьдралдаа хэт их санаа зовж, эрч хүчээ хий дэмий үрж, оюун санаагаа зовоож, мэдрэлээ ядрааж болохгүй. Ирээдүй болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай цуг үүрээд байвал ямарч хүчтэй хүн амьдралын аян замд бүдрэнэ гэдгийг анхаарч яв.
ОЛНЫ ДУНД БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХАД ДАРААХ СУРГААЛУУД НЭМЭР БОЛНО ГЭЖ БОДОЖ БИЧИВ.
1. Нэрээ бодож яв. Ертөнц дээрх бүх үгнээс хүний чихэнд хамгийн сонсголонтой сонсогддог үг бол тэр хүний нэр. Иймд өөрсдийнөө болон бусдын нэр хүндийг өргөж явах хэрэгтэй
2. Бусдыг хайрлаж сур. Чи бусдаар хайрлуулах, бусдын анхаарлын төвд байхын тулд бусдыг хайрлаж, бусдад анхаарал хандуулах хэрэгтэй.
3. Бусдыг ойлгохыг хичээ. Өөрийнхөө хүсэл, зорилгыг тэргүүн зэрэгт бодохоо орхиж бусдын сайн чанарыг түлхүү мэдэхийг хичээгээрээ
4. Урам хайрлаж сур. Бусдын сайн чанарыг өөрт нь болон бусдад магтан ярьж бай. Талархал, сайшаалын үгийг үнэн сэтгэлээсээ хэлж, магтаалд үг бүү хайрал
5. Анхааралтай сонсож сур. Ахмадын сургаал, нөхдийн зөвлөгөөг анхааралтай, тэвчээртэй сонсож сур. Сонсож байх үедээ хэцүү байж болох ч дараа нь чиний амьдралд маш их хэрэг болох магад.
6. Бүү шүүмжил. Бусдыг олны дунд бүү шүүмжил. Бас буруутгах гэж бүү яар, Өөрийн бодол өөртөө зөв гэдэг. Энэ нь найзыгаа алдаж явахад нь дуугүй өнгөр гэсэн үг биш, ганцаарчлан зөвлөгөө, сануулга хэлбэрээр хэлж болно шүү дээ.
7. Бүү долигно. “Довтолж буй дайснаас долигнож буй анд нар аюултай” гэсэн үг байдаг. Долигнож зусардах, чин сэтгэлийн талархал илэрхийлэх хоёр их ялгаатай шүү.
8. Маргаанаас зайлсхий. Бусадтай мэтгэлцэж шинэ мэдээлэл олж авах нь ашигтай. Харин утга учиргүй маргаанд ялагч байдаггүй юм. Ийм маргаанд ялах хамгийн сайн арга бол түүнээс зайлсхийх.
9. Уучлалт гуйж сур. Буруугаа өөрөө хүлээх нь бусад хүнээс зэмлэл сонсохоос хамаагүй амар байдаг. Тэнэг хүмүүс л алдаагаа хамгаалахыг хичээдэг
10. Дараа болохгүй амьдарч сур. Бусдад тус дэм болж явахыг хичээ. Хүний ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ. Хэрэв бусдад нэмэр болж чаддаггүй юм гэхэд дараа болохгүй амьдрахын төлөө тэмц.
Аавын хүүхдүүд хийморьтой байж
Амраг хосууд жаргалтай байж
Алаг үрс нь сэргэлэн байж
Амьдрал нь төгс сайхан
Ажил нь тэгш сайхан
Сэтгэл нь баясгалантай сайхан
Үйлс нь төгөлдөр сайхан байхыг ерөөе
Айл аймагтаа эвтэй яваарай