Цаг үеийн мэдээ

Билгүүн номч Б.Ринчен гуай хорин долоон насандаа ийн бичиж байжээ.

"Юуны магад"

Дөч хүрээд би сая тогтноюу.
Тэгээд үгсийн цэцэрлэгч болж ч магад буюу.

Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр ачий нь магтан хариулъюу.

Цаст уулын оргилоос цагаан болъюу толгой минь.

Тэгээд мөнх билгийн налина лянхуа цэцэг сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу.

Тэгвэл гайхамшигт сайхан цэцгийн анхилам үгээр намайгаа сурган хүмүүжүүлсэн багш нарынхаа ачий нь магтан хариулъюу.

Сэтгэл минь гүн нуураас амгалан болъюу.

Тэгээд үгсийн уран бүтээлч болж ч магад буюу.

Тэгвэл сэтгэл зүрхнийхээ чин үгээр хүсэн сэтгэхүйн гайхамшигт сайхан орд босгон гялалзсан үзэсгэлэн гоогоор нь төрсөн нутаг, ард түмэндээ ачий нь магтан хариулюу.

Санаа сэтгэл минь одооныхоос сайхан болъюу.

Тэгвэл сэтгэл зүрхнийхээ нандин бодлын гантигаар хүсэн сэтгэхүйн гайхамшигт хөрөг бүтээн босгож, дур булаам арвисын үзэсгэлэнгээр нь ард түмнийхээ ачтан хөвгүүдийн ачий нь магтан хариулъюу.

Еншөөбүү Б.Ринчен.

1932 он.

Таны сурталчилгаа