Цаг үеийн мэдээ

Солонгос дахь монголчууд монголоо барьж идэх юмаа гэж…

7 сарын эхээр Бусаны нэгэн томхон буудлаас 5 монгол эмэгтэй ажил хийж байгаад хоолонд орох цаг дээрээ баригдсан шуугиан хавиар нэг тархаад хавийн монгол эмэгтэйчүүд маань айж гүйлдэн зарим нь ажлаасаа гаран сандралдсан.

Миний бие тэрхүү баригдсан нөхдүүдтэй холбоотойн улмаас хэд хоног л гадаад иргэдийн харьяатын албаны 5 давхарт өнжих шив. Солонгос шиг цаг нар алт шиг улсад 5 өдөр нааш цааш холхих, ядаж байхад санхүүгийн хохирол үзэх над шиг суралцдаг хүний хувьд хүнд туссан нь мэдээж. Сайн дүү нар, хүмүүсийн буянд даваад л гарлаа.

За гол зүйлдээ орьё. Яагаад энэ хүмүүс баригдав гэж. Мэдээж энэ хүмүүс бүгд л хууль бусаар ажилласан, тэдний зарим нь визний хугацаа хэтэрсэн харын гэх хүүхнүүд, зарим нь 3 сарын гэх хэдэн төгрөг олох гэсэн монголчуудын байдаг л нэгэн хэсэг хүмүүс.

Баривчлагаанд ирсэн албаны хүмүүсийн албаны мэдэгдлээр мэдээллийн дагуу шалгаж байна гэсээр аваад явсан даа. Тус буудлын ажилчид хариуцсан албаны даргатай багагүй ойртож жаргал зовлонгоо хуваалцан байхад мэдээлэл өгсөн хүн нь монгол эмэгтэй хүн болохыг олж мэдлээ. Дараагийн нэг мэдэж авсан зүйл нь өөрийн биеэр тус албаны үйлчилгээний утсаар холбогдож үзэхэд мэдээлэл өгөх хүн нь хэлний чамгүй мэдлэгтэй байхаас гадна баттай хаяг, албан ёсны баримттай хүн байх ёстой гэдгийг мэдэж авлаа.

Мэдээж энд тэндээс хүмүүс тэр энэ ч байх гэсэн нөгөө л нэгнээ хардсан шум хүргэж байлаа. Гэхдээ тэр хүн нь яг хэн гэдгийг энд дурдах гэсэнгүй. Зөн совингоор биш олон талын логикоор тэр хүнийг би олсон л гэж бодож байна. Баригдсан хүмүүс нь монгол руу буцахын өмнө өөрийг нь мэдээлж бариулсан хүнийг олж мэдэх эрхтэй гэж сонссон тул хэн гэдэг нь тодорхой болох л байх.

Тэр хүнд зориулья

Мэдээлэл өгж хүн бариулсан хүн нэг хүний 500.000 вон авдаг гэдгийг мэдэж авлаа шүү. 5 хүн 2,5 сая вон. ККК сарын цалин л гэсэн үг. Чи монгол хүн монгол хүнээ ингэж идэж амьдрах гэж үү.
Чи Солонгост энэ орны хүний бөөрөнд наалдан дулдуудан өөрийгөө болон монголд байгаа ах дүүсээ тэжээгээд байж чадахгүй нь үү.

Чадахгүй болохоор л монголоо идэж байгаа нь тэр үү?

Тэр монгол хүмүүс болон тэдний ах дүүс үр хүүхэд нь хэзээ нэгэн цагт чамд тус хүргэнэ гэж бодохгүй байна уу? Магадгүй юм өнөөдрөөр байхгүй ЧИ маргааш Солонгосын өндөр төлбөрийн дийлэхгүй монголд эмнэлэгийн орон дээр хэвтэж байхад чинь чиний барьж өгсөн элэг нэгтний чинь ах дүүс, үр хүүхэд нь л чамайг босгож ирэх гэж зүтгэнэ гэдгийг ойлгож чадахгүй гэж үү?

Өнөөдрийн муур болж ядарсан муу монголчууддынхаа дээгүүр харж явалгүй бодит зүйл дээр бууж энэ насны жаахан ухаанаа олж авсан нь насны нар чинь ойртох үед тус болох л ямсан. Чиний араас анд мордогсод мөр мөгшөн яваа, хийг чинь тааруулах вий дээ. Юутай их айдсыг чи өөртөө хураана вэ?

Бусанд монгол хүн нэгнээ барьж өгсөн явдлуудыг олж мэдэхэд Солонгос хүнтэй суусан эмэгтэйчүүд байх юм.

Өвөг дээдсээс уламжлан захиж үлдээж ирсэн сургаалиас санахад

…. Чонотой нийлсэн жингэр хотондоо аюултай…. гэж юутай үнэн бэ? гэдгийг энэ орчин цагт ч ойлгож авав.

Сүүлийн мэдээлэл: Энэ нэг нөхрийн балгаар тухайн буудалд ажиллаж байсан 10 монгол хүний 5 нь баригдан 5 нь ажлаа орхин дүрвэн одсон. Үүнтэй зэрэгцэн тэр том сүлжээ буудал Сөүл, Улсан, Гуанжү гэх зэрэг 5 хотын буудлалд ажиллаж байсан бүх хууль бус ажил эрхлэгч монголчуудыг ажлаас халсан болно. Барагцаагаар 40 -д монгол эмэгтэй тогтсон цалин, сурсан ажлаасаа гарах шив. Тэр хүн нээрээ ч ядарсан муу монголдоо муур нь болж чадаж байх шив. Солонгос улсаас түүнд үндэсний баатар өгөх вии дээ.

Тэрхүү хүнд хүргэхийг хүслээ.

Таны сурталчилгаа