Дэлхий дахиныг хамарсан аюулт өвчний дэгдэлтийн энэ үед Монгол улс онц байдал зарлаж, иргэн бүр сонор сэрэмжтэй байх цаг үе ирээд байна. Бидний хөрш зэргэлдээ оронд дэлгэрсэн "Covid -19" буюу коронавирусийн дэгдэлт хэзээ мөдгүй хаалга тогших учраас их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгүүдэд хөл хорио тогтоосон. Мөн банк үйлчилгээний байгууллагууд 16.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, иргэд шаардлагагүй бол гадуур сэлгүүцэхийг хориглоод байгаа.
Коронавирусийн тархалтаас сэрэмжлэх үүднээс Увс, Говь-Алтай, Архангай, Ховд, Дорноговь, Дундговь зэрэг аймгууд сар шинийн өдрүүдэд зам хаах шийдвэрт одоогийн байдлаар хүрээд байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх магадлал бий. Энэ мэт дээр дооргүй хичээж байгаа энэ л үед "чихгүй толгой" оргисон зарим газрууд үйл ажиллагаандаа хязгаарлалт хийхгүйгээр үл барам олныг цуглуулсаар байна. Учир нь оройн цагаар баар, караоке зэрэг газрууд хэвийн ажиллаж, энд тэнд гуйвсан залуус хөл хорио тогтоогоогүйтэй адил хөлхсөн хэвээр.
Мөн караокед хөлчүү залуус, хүүхнүүдийн тэнхээ мэдэн орилолдон дуулалдгаах нь сонсогдоно.
Юутай санаа амар хүмүүс вэ дээ бидний цөөхөн Монголчууд!
Сүх далайтал үхэр амгалангийн үлгэрээр хажуу хавийн хүмүүс өвдөөгүй л бол цочроо авахдаа тун удаан хүмүүс аж. Уг нь өмнө нь ч ууж л байсан дуулж л байсан энэ мэт зуршлаасаа хэд хоног татгалзчихад болохгүй зүйл баймгүйсэн. Эдгээр цэнгээний газраар үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуус байх. Их дээд сургуулиудын үйл ажиллагааг хязгаарласан ч оюутан залуус нь ийнхүү оройн цагаар баар цэнгээний газраар олноор тэнээд байвал чанарын ялгаа ер нь байна уу? Ядаж байхад тэд бүгд амны хаалтгүй.
Мөн караокед гар дамжуулах барьж, амнаас ам дамжин дуулдаг микрофон олон төрлийн өвчин үүсгэдэг болохыг эмч нарын судалгаа нотолсон. Тодруулбал, нийслэл хотод 3500 гаруй караоке үйл ажиллагаа явуулдаг ч эрүүл ахуйн шаардлага хангасан нь цөөн байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан.
Энэ үеэр хүний шүлс, элдэв бактери, олон төрлийн нянгаар бохирдсон караокены микрофоныг үйлчлүүлэгч шууд хэрэглэдэг. Бусад улс оронд халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд үйлчлүүлэгч солигдох бүрт микрофоны нэг удаагийн хамгаалалтыг шинэчилдэг. Гэтэл манай улсад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах энгийн дадал хэвшээгүйг нэгэнт нотолсон.
Тэгээд ч ухаанаа алдтал согтчихоод дуулах биш бархираад сууж байгаа нэгний амнаас үсэрсэн тэр олон шүлсний дусалд хэчнээн төрлийн нян үсэрч микрофонд наалдаж байгааг таашгүй.
/Шүлс цэрээр бохирлогдсон микрафон/
Ингээд гараас гарт дамжих аюулт "бөмбөг" болсон микрафоноор та аюулт тахал коронавирусийн халдвар биш юм гэхэд халдварт сүрьеэ, бусад хурц халдварт өвчнүүдийн халдвар авах эрсдэл таныг инээд алдан хүлээж байна.
Энэ мэт олон аюулын талаар хэл сануулж, өмнөд хөршид одоо дэлгэрээд байгаа коронавирусийн халдварын талаар сэрэмжлүүлээд байхад орой үдшээр дэмий сэлгүүцэж гэр бүл, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулаад байгаа таныг зүгээр л "өөртөө болоод өөртөө хайргүй хүн" гээд тодорхойлчиход хилсдэхгүй биз ээ. Мөн бусдыг эрсдэлд оруулж байгаа баар цэнгээнийн газрууд ч мөн адил энэ цөөхөн хоногт орлого бодохоос илүүтэй олон түмнээ бодвол нийгэмд хүлээх хариуцлага чинь тэр болно гэдгийг сануулж байна.