Цаг үеийн мэдээ

      Шинэ коронавирусийн тархалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн боомт дээрх алба, хэлтэс өндөржүүлсэн байдалд ажилласаар байна. Мөн цагаан сарын үзэсгэлэн худалдааг хориглосон тул иргэд гудамжинд гар дээрээс аюултай хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байгааг анхааруулсан юм.

       Энэ оны 1 дүгээр сарын 06-аас 2 дугаар сарын 18 хүртэл хугацаанд Буянт-Ухаа боомтоор орох чиглэлд 187 агаарын хөлөг, 26246 зорчигч, авто болон төмөр замын боомтуудаар орох чиглэлд 28118 тээврийн хэрэгсэл, 96402 зорчигч хил нэвтрэх үед хяналт тандалт хийж, шинэ коронавирусийн сэжигтэй 100 тохиолдлыг илрүүлэн, ХӨСҮТ болон орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ. Мөн Халдварын сэжигтэй 15 зорчигчийг БНХАУ болон ОХУ-д буцаасан байна.

       БНХАУ-ын өвчлөл бүхий бүс нутгаас тахианы мах, өндөг, тахианы тэжээл импортлохыг хориглож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм. Мөн Улсын хилээр нэвтэрч байгаа ачаа тээшинд ариутгал хийж байгаа бөгөөд 02.13-ны өдрөөс хойш 1475 чингэлэг, 61 вагонд халдваргүйтгэл хийж нэвтрүүлээд байна.

         Хяналт шалгалтын хугацаанд шаардлага хангаагүй 300 нэр төрлийн 83,5 литр, 158,9 кг, 3432 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 45 актаар хурааж орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. Мөн хаяг шогын зөрчил бүхий 48 нэрийн 61.1 сая төгрөгийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татуулж зөрчлийг арилгуулсан байна.

Таны сурталчилгаа