Улсын Онцгой комиссын өнгөрсөн хурлаас Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сургалтын төвийг тусгаарлах шаардлагатай хүмүүст зориулж бэлтгэсэн байгаа аж. Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатарт ирсэн Дэгү хотод сурдаг болон амьдардаг 17 хүнийг Жаргалантын аманд байдаг Сургалтын төвд тусгаарласан байна.
Түүнээс гадна БНСУ-аас ирсэн дөрвөн гэлэнмаа, хоёр хүүхдийг өчигдөр орой ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд хамгаалалтын болон эмнэлгийн зориулалтын хувцас хэрэглэлээ сайтар бэлтгэж, үзлэг, шинжилгээ хийсэн гэнэ.
Мөн албан ёсны орчуулагчаар дамжуулан мэдээлэл авснаар дөрвөн гэлэнмаагийн хоёр нь болон хоёр хүүхэд нэг гэр бүлийн хүмүүс, нөгөө хоёр гэлэнмаа нь Монголд байнга оршин суудаг хүмүүс аж. Тэдгээр хүмүүс Дэгү хотын "Шин Чон Жи" сүм буюу халдвар тархсан сүмд хамааралгүй болохыг тогтоосон байна.
Мөн Улсын Онцгой комиссоос Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нийт сувиллын газруудыг тусгаарлахад зориулж бэлтгэхийг үүрэг болгож, шинэ шийдвэр гаргасан байна.