Цаг үеийн мэдээ

Нүдний дусаалга нь ариун байдлаар бэлтгэгдсэн нүдэнд хэрэглэх шингэн бэлдмэл юм. Эдгээр нь шингэн, суспенз, эмульс байдлаар нэг флаконд 10-15 мл-ээр савлагдсан байдаг.

Ихэнх нүдний дусаалгыг эмийн зааврын дагуу хуурай газар, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Гэвч зарим нүдний дусаалга нь хөргөгчинд хадгалах заалттай байдаг тул дусаалган дээрх хадгалах нөхцлийг баримтлах нь чухал.

 

- Нүдний дусаалгыг задалснаас хойш 1 сарын дотор хэрэглэх шаардлагатай. Үүнээс удсан дусаалгыг тэр дор нь устгах хэрэгтэй. Иймээс та нүдний дусаалгыг хэрэглэхдээ задалсан огноог тэмдэглэснээр хугацаа дууссан дусаалга хэрэглэхгүй байхад тустай.

 

- Хугацаа нь дууссан дусаалганы өнгө нь өөрчлөгдсөн байдаг тул та хэрэглэхийн өмнө сайтар анзаараарай.

 

- Хэрэв та контакт линз хэрэглэдэг бол нүдний дусаалга хэрэглэхийн өмнө линзээ авсан байх шаардлагатай.

 

- Дусаалганы амсрыг зовхи болон сормуусанд хүргэлгүйгээр зайнаас дусаана. Ингэснээр бохирдож халдвар орох эрсдэлээс сэргийлнэ.

 

- Дусаалганы бүрэн бүтэн байдал, хүчинтэй хугацааг шалгана.

 

 

 

- Нүдний дусаалга нь эмульс эсвэл хөвмөл хэлбэртэй бол хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.

 

- Дэр хэрэглэхгүйгээр тэгш гадаргуу дээр хэвтээ эсвэл суугаа байрлалд толь ашиглаж нүдний дусаалгыг дусаана.

 

- Дусаалганы таглааг авна. Ингэхдээ амсар хэсэгт гараар хүрч болохгүй.

 

- Толгойгоо бага зэрэг гэдийлгэж, 1 хуруугаараа нүднийхээ доод зовхийг доошлуулна. Нөгөө гараараа дусаалгыг зөөлөн шахаж нүдэндээ 1 дуслаар дусаана.

 

- Дусаалга дусаасны дараа зовхиноос гараа авна. Нүдээ аньж дусаалганы тагыг таглана. 2-3 минут нүдээ анин хэвтэх ба нүдээ нухаж, анивчиж болохгүй.

 

- Зарим тохиолдолд эм дусаасны дараа залгиур хоолойд амтагдаж эвгүй мэдрэмж төрдөг ба үүнээс зайлсхийхийн тулд та нулимсны цэг дээр хэсэг хугацаанд дарж болно.

 

- Хэрэв дусаалгыг 2 нүдэнд дусаах бол дээрх үйлдлийг дахин давтана.

 

- Өдөрт хэдэн удаа, ямар хугацаагаар хэрэглэхийг эмч таньд зөвлөх болно.

 

Анхаарах зүйлс:

 

- Хэрэв та нүдний дусаалга болон нүдний тосон түрхлэгийг хамтад нь хэрэглэх бол эхлээд дусаалгаа дусааж, 5 минутын дараа тосон түрхлэгийг хэрэглэнэ.

 

- Мөн та нэгээс олон тооны нүдний дусаалгыг адил цагт хэрэглэх бол хооронд нь 5 минутын зайтай хэрэглэх шаардлагатай. Энэ нь эхний дусаалга гүйцэт шимэгдэх боломжит хугацаа бөгөөд дараагийн дусаалга нь эхний дусаалгыг урсгаж гаргадаггүй. Иймд аль дусаалгыг түрүүлж хэрэглэхийг эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

 

- Зарим нүдний дусаалга нь хэрэглэх үед түр зуурын цочроох нөлөө үзүүлдэг. Энэ шинж тэмдэг нь хэрэглэсний дараа ч үргэлжилсээр байх эсвэл улам нэмэгдвэл хэрэглэхээ зогсоож, яаралтай эмчид хандах хэрэгтэй.

 

- Нүдний дусаалга нь нулимстай хамт урсаж, ам руу орох эсвэл залгигдах тохиолдол гарвал та сандрах хэрэггүй энэ нь байж болох зүйл юм.

 

- Нүдний дусаалгыг хоорондоо дамжуулж эсвэл хамтдаа хэрэглэж болохгүй. Энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй.

 

- Нүдний дусаалга нь задлахаас өмнө л ариун байдлаа хадгалдаг. Иймээс та задлаад удсан нүдний дусаалгыг битгий хэрэглээрэй. Энэ нь халдварлагдсан байх боломжтой юм.

 

Таны сурталчилгаа