Цаг үеийн мэдээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунаас хүүхэд хамгаалал болон гэмт хэргийн нөхцөл байдлыг тодрууллаа.

Нийслэл цагдаагийн Удирдах газраас хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад төрийн болон хэвлэл, мэдээллийн байгууллага, гэр бүл, иргэний хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр түлхүү анхаарсан ажлуудыг зохион байгуулж байна. Цахим тоглоомонд донтох, цахим гадуурхал, үе тэнгийнхний дарамтаас үүдэлтэйгээр өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, хохирох тохиолдол гарч байгаа тул тэдэнд чиглэсэн контентыг бэлтгэн олон нийтийн сүлжээг ашиглан түгээх, тодорхой  жишээнүүд дээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэст дэмжлэг үзүүлэн мэргэжил, арга  зүйгээр ханган ажиллаж байна.  

Хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт  хэргүүдийн шалтгаан нөхцөл нь ямар байдаг вэ?

Хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг эцэг эхийн хараа хяналтгүй байдал эзэлдэг. Бага насны хүүхдүүд эцэг эхийн буруутай үйлдлээс болоод ахуйн осол болон бусад төрлийн гэмт хэргүүдэд хохирох тохиолдол байдаг. Үүнд эрүүгийн  хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцдог. Зөвхөн гэмт хэрэг гэлтгүй сургуулийн орчинд “Хүүхдийг гараас гарт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэггүй,  эцэг эхчүүд хүүхдээ хүргэж өгч, авдаггүйгээс үүдээд гудамж талбайд хүүхэд аюул осолд өртдөг тохиолдол байдаг. Мөн өөрсдийн буруутай үйлдлээс хамаараад хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас оршин суугаа хаягнаасаа богино хугацаанд төөрөх асуудал байдаг.

Хоногт дунджаар гэмт хэрэг, ахуйн осол эндэгдэл, золгүй учралаар 2-3 хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, зарим тохиолдолд амь насаа алдаж  байна. Энэ тохиолдолд зөвхөн эцэг эхийн хараа хяналтаас гадна байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогодоо анхаарах шаардлагатай.

Эцэг эх, асран хамгаалагч нар ахуйн орчиндоо зөвхөн өөрийн хүүхэд гэлтгүй хүүхэд өртөж, гэмтэж болзошгүй байдлыг анзаарч, түүний шалтгаан нөхцлийг арилгахад анхаарах нь зүйтэй. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиараа эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийг эрсдэлт нөхцөл байдлаас хамгаална хэмээн заасан байдаг. Хүүхэд аль ч орчинд  эрсдэлтэй байж болно.

Сургууль, цэцэрлэгийн амралтын үе таарч байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүд ахуйн осолд өртөж гэмтэх тохиолдол өссөн байна. Энэ тохиолддолд төрийн болон төрийн бус байгууллагуудаас эцэг эхийн хараа хяналтыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулсан. Харин өсвөр насны хүүхдүүдэд тавих анхаарал муу байгаагаас гэмт хэрэгт холбогдож, хохирох тохиолдол өсөх хандлагатай байна. Тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс, интернэт орчинд хэт их цагийг зарцуулснаар цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нар тэдний нас сэтгэхүйн онцлогт тааруулан ярилцаж, харилцаж байхыг анхаарах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас дээрхи зүйлүүдэд анхаарч төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран аян, арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар хөтөлбөрүүдэд хамрагдаж, хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр “Хүүхэд хамгаалагч”, “Хүүхэд хамгаалал”, “Өсвөрийн сэргийлэгч” гээд төсөл хөтөлбөрүүдийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүүхдэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байгаа. Хүүхдийг сургуулийн орчинд хамгаалахаар “School police” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд, сургуулиас гэр хүртэлх болон гэрээс сургууль хүртэлх замд “Хүүхэд хамгаалагч” төслийн хэрэгжүүлсэн маань үр дүнгээ өгч энэ онд үргэлжлүүлэн хэрэгжинэ. Одоо бусад орчинд буюу гэр бүлийн орчинд, үе тэнгийнхний хүрээнд, ахуйн орчинд олон нийтийн сүлжээнд хэрхэн хамгаалах талаар арга хэмжээг зохион байгуулна.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Дэлхийн зөн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай урт болон дунд хугацааны төсөл хөтөлбөр, гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн бус байгууллагууд сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлж байна.

Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Хүүхдийг аливаа төрлийн эрсдэл, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд зөвхөн эцэг эх гэлтгүй насанд хүрэгчид бидний алхам тутамдаа анхаарах зүйл. Харин хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх тал дээр эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ ойр дотно ярилцаж, асуудлыг хамтдаа шийдвэрлэж, сайн зөвлөгч байх нь зөв байх.

Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, багш, сургуулийн захиргаа мэдээллээ тогтмол солилцдог, хаана хэнтэй хамт чөлөөт цагаа өнгөрүүлж байгаад анхаардаг байх шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгаалалд  эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахаас гадна  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэй гудамж зам талбай, олон нийтийн газар хүүхдийг эрсдлээс уртьдчила сэргийлэх Хүүхэд хамгаалагч төслийг үргэлжлүүлнэ.

Өнгөрсөн жил хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэргийн нөхцөл байдал ямар байсан бэ?

2019 онд гэмт хэргийн улмаас 996 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 132 нэгжээр буюу 11,7 хувиар буурсан байна.  2019 онд ерөнхий боловсролын сургуулийн орчимд 14 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн  үетэй харьцуулахад 5 нэгжээр буюу 35,7 хувиар буурсан сайн үзүүлэлттэй байгаа. Хүүхэд хамгааллын төлөө эцэг эх, асран хамгаалагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд цагдаагийн байгууллагатай хамтраад ажиллавал энэ тоог илүү буулгах боломж байгаа.

Таны сурталчилгаа