Шар тос нь шүтэх бие, шүтэгч сэтгэл, амьдруулагч нас гурвууланд тустай учраас тосны дээд нь гэж үздэг.
Шар тос нь сайхан амттай бөгөөд шингэсний дараа амин чанар нь бүр ч илүү гайхамшигтай юм. Шимийн тосыг хайлуулж хөөс, цөвийг нь гаргасан шар тос нь оюун ухааныг хурцалж, ой тогтоолтыг сайжруулж, нүдний харааг тогтворжуулж, дотор галын илчийг бадрааж, ходоодыг тэтгэж өгдөг. Ингэснээр хоолны шингээлтийг сайжруулж, биеийн өнгө зүсийг тэтгэн, тослогжуулж, тамир тэнхээг хурдан хугацаанд төлжүүлж, хүчийг нэмэгдүүлдэг. Мөн өтгөн хаталтаас сэргийлнэ. Хөгшдийг чийрэгжүүлж урт наслуулах чадалтай гэдэг. Хийн өвчний үед шар тосыг хэрэглэх нь сайн.
Шар тосыг дотроос ууж хэрэглэхээс гадна хийн өвчин болон нойргүйдэх өвчний үед бүтэн биеийн зөөлөн бариа, дөрвөн толион зөөлөн иллэг хийж өгснөөр хийг дарж нойргүйдэхийг анагаах ач тустай. Өвлийн улиралд өглөө өлөн дээрээ нэг халбага шар тос уух нь үр дүнтэй. Мөн толгойн өвдөлтийн үед шар тосыг түрхэж зөөлөн бариа хийж өгснөөр өвдөлт намдахаас гадна үсийг торгон зөөлөн намирсан болгох чадалтай. Нүүрэнд түрхэж, хамар чихэнд бага зэрэг дусаан хэрэглэснээр чих шуугих, хамар битүүрэх, хуурайших зэрэг өвчнүүдээс ангирч чадна.
Бяцхан үрсийнхээ дархлааг дэмжихэд шар тос ихээхэн тус болно. Хүүхдээ усанд оруулсны дараа шар тосоор зөөлөн бариа хийж өгвөл дархлаа сайжирч, хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг. Мөн шөнө ханиалгаад унтаж чадахгүй байх үед нуруунд нь шар тосоор иллэг хийж өгвөл ханиалга дарагдах болно. Аливаа зүйл хэдий тустай ч хэмжээнээс нь хэтрүүлбэл хор болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Шар тосыг хэтрүүлэн хэрэглэвэл хоолны дуршилгүй болох, тосоор гүйлгэх эрсдэлтэй.
Мөн эс шингэх өвчин, хоолны шингэлт муудсан үед, суулгах, хэрэх, тулай дур булгих, ундаасах зэрэг өвчнүүдийн үед ямар ч тослог зүйл идэхийг хориглоно. Дашрамд дурдахад шар тос нь өвөл хэрэглэхэд тохиромжтой бөгөөд хоолны шингээлт, оюун ухааныг сайжруулах ач холбогдолтой бол үрийн тосыг зуны улиралд хий арвидсан өвчний үед хэрэглэдэг. Харин хаврын улиралд чөмөгний тос, өөхөн тосыг ядарч сульдсан, яс үес өвдөх, хэвлий, умайгаар өвдөх, тархи, чих өвдөх үед хэрэглэнэ.