ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн өнөөдөр буюу 2 дугаар сарын 29–ны өдөр хийсэн мэдэгдэлд иргэдийн ухамсар, хариуцлагыг өндөржүүлэх шаардлага тулгарч байгааг онцоллоо. Учир нь иргэд голомттой бүсээс ирснээ нууж, худал мэдээлэх тохиолдол байгаа аж. Мөн тусгаарлагдаж буй иргэдээс зарим нэг нь байрлаж буй эмнэлгийнхээ нөхцөлийг голж, эмч ажилтнуудад хүндрэл учруулж буй бөгөөд эмнэлгийн ажилтнуудын тусламж үйлчилгээнд хүндрэл учруулахгүй байхыг хүслээ.
Дэлхийн улс орнууд шинэ коронавирусийн маш их эрсдэл дунд байна.Тиймээс ХӨСҮТ МХЕГ-тай хамтран тусгаарлах үйл ажиллагааг явуулж байна. Сүүлийн 3 өдөр 219 сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн. Өчигдөр шөнө Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийг тусгаарлаад байгаа юм байна.
“ХӨСҮТ 1 дүгээр сарын 6-наас 782 хүний ажиглалтад авсан бөгөөд 2 дугаар сарын 27-нд ажиглалтад орсон нийт 5 тохиолдлоос коронавирус илрээгүй. Эмч, ажилтнуудыг 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Үүнийг иргэд дэмжиж ажиллах хэрэгтэй” гэв.
Мөн сануулсаар байтал иргэд голомттой бүс рүү явж буй нь эрсдэл дагуулж байгааг онцоллоо.