Өөдрөг бай, өөдрөг зүйлсийг бод, өөдрөг мэдрэмжтэй бай, эерэг бай, эерэг хандлагатай бай, эерэг зүйлсийг бод гэх мэт зүйлсийг хүмүүс хэлдэг. Гэвч бид үргэлж ийм байх боломжгүй юм. Учир нь бидний амьдралд эерэг болон сөрөг таагүй зүйлсүүд тохиолддог бөгөөд бидний сэтгэл санаа үүнийг дагаад нэг бол эерэг нэг бол таагүй байдлаар өөрчлөгддөг. Таагүй зүйлс тохиолдох үед бид өөдрөг эерэг мэдрэмжтэй байх боломжгүй бөгөөд хэрвээ бид өөрсдийгөө хүчлэх юм бол өөрт төрсөн гунигтай таагүй мэдрэмжийг үгүйсгэх юмуу дарах талтай.
Ингэх нь бид хэсэг хугацаанд зүгээр өөдрөг байгаа юм шиг явсан ч гунигтай тааламжгүй мэдрэмжийг хүлээн зөвшөөрч гашуудахаас нааш эерэг таатай мэдрэмжийг авч чадахгүйд хүрдэг. Улмаар сөрөг таагүй сэтгэл хөдлөл даамжирснаар бидний бие сэтгэл санааг бүхэлд нь хучдаг юм. Гунигтай, харамсалтай зүйл тохиолдох үед та гуниж гутрах, гашуудах хэрэгтэй. Гуниглах нь хэдийгээр таатай мэдрэмж төрүүлдэггүй ч үүнийг хүлээн зөвшөөрч илэрхийлэхээс нааш та өөдрөг эерэг мэдрэмжийг мэдрэх боломжгүй билээ.