Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар БНХАУ-д халдварын 130 тохиолдол илэрсэн байна. Энэ нь нэгдүгээр сартай харьцуулахад тус улсад вирусийн дэгдэлт хумигдаж, халдварлагсдын тоо буурч байгаа үзүүлэлт юм. Ингэснээр сэжигтэй тохиолдлын тоо 129 болж буурсан байна.
Covid-19 вирус нь энгийн томуутай харьцуулахад хязгаарлаж, таслан зогсоох боломжгүй, нас баралтын түвшин өндөр, хүнд үйл явцтайг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээллээ. Тэрээр “ДЭМБ эхний ээлжинд хагас сая хувийн хамгаалах хэрэгслийг 27 оронд хуваарилсан. Гэвч дэлхийн хэмжээнд хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байдалд орох төлөвтэй байна. Учир нь сар бүр 76 сая бээлий, 98 сая амны хаалт, 1.6 сая нүдний шил шаардагдана гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан. Үүний хангамжийг 30 хувиар нэмэх шаардлагатай байгаа. Хувийн хамгаалах хэрэгслийн зохисгүй байдлаас үүдэн эрүүл мэндийн ажилчдын хэрэглэх хэрэгсэл байхгүйд хүрэх магадлалтай болоод байна” гэсэн юм.
Манай улсын хувьд нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 841 сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авч тандалт хийж байснаас өнөөдрийн байдлаар ажиглалтад 461 иргэн байгааг Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлсэн юм. “Өчигдөр Москва Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 3 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Мөн Дархан-Уул аймагт Эрхүү Улаанбаатарын галт тэргээр ирсэн 12 хүнийг тусгаарласан. Манай улсад Германаас ДЭМБ-ын зөвлөх баг ирж, ХӨСҮТ, хоёрдугаар төв эмнэлэг, Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдэд заавар зөвлөгөөг хүргэн ажиллаж байгаа. Удахгүй ОХУ руу тандалт, судалгаа, эрсдэлээс сэргийлэх ажилд туршлага солилцохоор Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан баг явахаар болсон” гэлээ.
Энэ сарын 15-наас нүүрсний экспорт хийхтэй холбоотойгоор тус боомтуудад холбогдох албаныхан эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм байна.
Ө.Анхилам