1939-өөс 1993 он хүртэлх гүйлгээнд ашиглагдаж байсан Монгол улсын мөнгөн тэмдэгт дээрх Жанжин Д.Сүхбаатарын цэргийн дүрэмт хувцасны товчнууд дээр ямар тэмдэг, бэлгэдэл байдгийг та анзаарч байсан уу?
БНМАУ-ын мөнгөн тэмдэгтүүд дээр 1939 оноос хойш жанжин Сүхбаатарын дүр тогтмол тавигдах болсон билээ. 1941, 1955, 1966 онуудад мөнгөн дэвсгэрт бүхлээрээ шинэчлэгдэхэд гагцхүү жанжны хөрөг ямар нэг засваргүй хэвээрээ хадгалагдсаар байлаа.
Жанжин Сүхбаатарын хөрөг дээрх цэргийн дүрэмт хувцасны товчин дээр Монголчуудын эртний язгуур уламжлалт, хүү болон сан хөрөнгө баялаг арвидан үржихийн бэлгэдэл болдог, төр ёсны их бэлгэ шүтээн “ТАВАН НҮДЭН” бэлгэдэл залаатай байдгийг энгийн нэгэн байтугай олон жил зоос, мөнгөн дэвсгэрт цуглуулж ирсэн цуглуулагчид анзаараагүй байдаг билээ.
Эртний өвөг дээдэс монгол ард түмний хувьд таван нүдэн хээ нь эрт цагаас уламжлагдан ирсэн хүндэтгэлтэй бэлгэдэл юм. Таван нүдэн нь үндсэндээ дөрвөн арвайг нийлүүлсэн хэлбэртэй бөгөөд арвай мэт өсөж үржих, сайн сайхан дэлгэрэх, эд агуурс арвижих, аливаа үйл хэрэг дэгжих хөгжихийн бэлгэдэлтэй ажээ. Тиймээс эцэг өвгөдийнхээ суу их ухааныг биширч монгол төгрөгөө эрхэмлэн дээдэлцгээе.