Цэнхэр дэлхий дээр амьдран буй амттанд хорхойсогчдын идэх дуртай зүйлсийн жагсаалтын тэргүүн эгнээнд "Сникерс, Марс, Милку Уэй" зэрэг шоколадны гэр бүл яахын аргагүй багтана. Аманд ороод араанд уусан хайлах энэ л гайхамшигт амттаны түүхийг харин бид хэр мэдэх билээ?
Франклин Кларенс Марс, тэрээр энэхүү шоколадыг амттаны жагсаалтад зүй ёсоор оруулж ирсэн эрхэм юм. Тэрээр 1883 онд Миннесота мужийн Ньюпортод төржээ. Хүү бага насандаа полимиелитээр /тархи нугасны саа өвчин/ өвдөн хөдөлж явж чаддаагүй байсан учраас сургуульд суралцаж чадсангүй. Ядруу зүдрүү амьдралтай хүү эмчилгээнийхээ мөнгийг олохын тулд ээжтэйгээ хамт хоол хийн зардаг байв. Өдөрт тутамд гал тогоонд өнжин ээждээ тусалдаг хүү 19 нас хүрэхэд хүнсний мэргэжилтэн мэт ихийг сурсан байлаа. Залуу хүүгийн цээжинд элдэв мөрөөдөл эргэлдэх ч халаас хоосон тэрээр юу хийж чадах билээ. Гэвч тэр тасралтгүй мөрөөдсөөр байв.
Ийнхүү тэрээр 28 нас хүрэх жилдээ анхны бүтээгдэхүүнээ гаргахаар болж гэрээ дэлгүүр болгон ашиглалаа. Анхны "Марс" шоколадаа 1911 онд гал тогооныхоо цонхоор зарав.
Нэгэн удаа Фрэнк охин Этелийн хамтаар салхилж, хүү нь шоколад идэж явжээ. Гэвч тухайн үеийн шоколад килограмаар зардаг байсан учраас барьж явахад эвгүй, дорхноо хайлж гар завааруулна. Яг энэ үед ер нь яагаад шоколадыг тугалган цаасанд ороогоод зарж болохгүй гэж бодсон байна. Ийнхүү анхны Милки Уэй буюу Сүүн зам нэртэй шоколадан хурууд гарч хэдхэн өдрийн дотор борлуулалтын хит болсон бол 1925 он гэхэд шоколадны зах зээлийн лидер болсон байдаг. Түүний алдаршуулсан Милки Уэй / MILKY -WAY/ шоколад 5 центийн үнэтэй байв.
Мөн түүнийг ахин алдаршуулж нэр гарсан бүтээгдэхүүн болох Сникерс нь түүний хамгийн хайртай мориных нь нэр аж. Тэрээр өөр нэгэн хоббигоо дагаж адууны аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд моринд туйлгүй хайртай байсан гэдэг.
Өдгөө түүний үйлдвэр 98 болтлоо өргөжиж, 219 оффис нь дэлхийн 65 оронд үйл ажиллагаагаа явуулж, эдгээр үйлдвэрүүдэд 39000 хүн ажиллаж байна.
Шоколадны тухай хамгийн сонирхолтой баримт
"Шоколад" гэдэг үг нь "Гашуун ус" гэсэн утгатай. Шоколадыг какаоны буурцагаар хийдэг бөгөөд какаоны мод нь чийглэг дулаан газарт ургадаг байна. Хамгийн том какаоны модны талбай Африкийн баруун зүгийн Гана, Кот-дивуар, Нигерит байдаг аж.
Какаоны найрлагад ордог теобромин гэдэг бодис нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгодог. Тос их хэмжээгээр агуулагддаг хэдий ч, шоколад нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэггүй ажээ.
Дэлхийд 600 мянган тонн шоколадыг жил бүр хэрэглэдэг бөгөөд шоколадны хэрэглээгээрээ Швейцарь, Герман, Англи, Норвеги улсууд тэргүүлдэг аж.