Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгийн бизнесийн салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд бизнесийн өрсөлдөх чадвараар хоёрдугаарт, эдийн засгийн өрсөлдөх чадвараар тавдугаар байрт орсон үзүүлэлттэй гарсан. Төр засгийн бодлогоос гадна олон улсын төсөл, хөтөлбөрүүд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулдаг. Өвөрхангай аймаг, Японы Такикава хот хооронд найрамдалт хамтын ажиллагаа тогтоогоод найман жил болж байна.
Энэ хугацаанд хоёр тал газар тариалангийн салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд Өвөрхангай аймгаас 30 гаруй мэргэжилтэн Японд газар тариалангийн чиглэлээр суралцаж ирээд сурсан мэдсэнээ амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна.
Мөн бөөрөнхий сонгиныг үрсэлгээгээр тариалах технологийг үр дүнтэй нутагшуулж, 18 сумын 172 тариаланч энэхүү тариалалтыг амжилттай туршиж, үр шимийг нь үзэж байгаа аж.